Сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлт өчигдөр орон даяар сүр дуулиантай болж өнгөрөв. Монгол хүний билэгшээлээр бүгд шахуу морин цагт нээлтээ хийсэн болохоор хөдөө орон нутагт нэг намын нээлтийн ажиллагаанаас 500 метр хүрэхгүй зайд нөгөө нам нь ч мөн нээлтээ хийж байв.
Эрх барьж байгаа Ардчилсан намын сонгуулийн нээлт аймаг болон сумын төвийнхөө гол талбай дээр өнгөлөг, мөнгөлөг болж байхад МАН болон бусад хүчнүүдийн нээлт АН-тай харьцуулан харвал иргэдийнхээ амьдрал шиг даруухан болж өнгөрлөө.
Иргэдийн дургүйцлийг ихээр хөдөлгөсөн зүйл бол АН-ын гишүүд тойрогтоо очихдоо хэдэн арван том жийп, суудлын тэрэг, намын туг хиураа мандуулан 1 км гарантай урт цуваа үүсгэн сүр бадруулан орж ирж байсан явдал юм. Иргэд, малчдын амьдрал дөрөвхөн жилийн дотор урьд өмнө байгаагүйгээр доройтчихоод байхад эрх барьж байсан Ардчилсан Нам иргэдтэйгээ уулзахдаа ингэж баян тансаг харагдах нь хэнд ч таатай байхгүй нь ойлгомжтой.
Хэдий тийм ч иргэдтэйгээ нүүр тулсан МАН-ын уулзалтанд иргэд харин маш идэвхитэй оролцож байна. Тэдний хувьд энэ хямралыг даван туулах гарц нь МАН гэж ярилцаж байлаа.
Ямартай ч 17-хон хоногийн дараа сонгууль болдогоороо болж дуусах хэдий ч энэ хугацаанд иргэд маань элдэв чамин тансаг ухуулга сурталчилгаанд нүдүүлэх бизээ.