Цалингийн суутгал, илүү цагаар ажилласан болон ажил хаялттай холбоотой зарим зүйлийн талаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Н.Хүрэлбаатараас тодрууллаа.
-Цалин хөлснөөс ямар суутгалуудыг хийдэг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хэд хэдэн тохиолдлуудад суутгал хийх ёстой байдаг. Хэрвээ тухайн ажилчин ямар нэг алдаа гаргасан эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан бол цалингаас нь суутгаж авна. Гэхдээ нэг сарын дундаж цалингаас хэтрэхгүй байх ёстой. Мөн хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан бусад нөхцөлд цалингаас суутгадаг. Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг тухайн хүний цалин хөлсний 20 хувиас хэтрүүлж болохгүй. Ингэхдээ орлогын албан татварыг оролцуулахгүйгээр суутгана. Харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй гэж хуулиараа зохицуулдаг.
-Зарим тохиолдолд илүү цагаар ажилладаг шүү дээ. Ер нь ямар тохиолдолд илүү цагаар ажиллах ёстой вэ?
– Хуулийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх үед илүү цагаар ажиллуулдаг. Мөн байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгахад илүү цагаар ажиллуулна. Түүнчлэн нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах, урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх ёстой тохиолдолд тухайн ажилчныг илүү цагаар ажиллуулж болохоор хуулиараа зохицуулагдсан. Гэхдээ хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дээр дурьдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглодог юм. Мөн ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хуулиараа хориглоно.
-Илүү цагаар ажилласан тохиолдолд цалингийн нэмэгдэл авдаг уу. Хуулиараа хэрхэн зохицуулсан байдаг вэ?
-Хэрвээ ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн бол нэмэгдэл хөлс тооцож олгодог. Мөн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг. Тиймээс илүү цагаар ажилласан л бол тухайн ажилчин нэмгэдэл хөлс авах ёстой.
-Хэдэн төгрөг өгдөг вэ?
-Нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль болон Хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр тогтоодог. Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой.
-Хүмүүс нэг үеэ бодвол ажил хаялт зарлаж, өөрсдийн эрх ашгийн талөө тэмцдэг болсон. Ямар тохиолдолд ажил хаях эрхтэй вэ?
-Ажил олгогч хуульд заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүрэг болон зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ажил хаялт зарлах эрхтэй. Мөн ажил олгогч хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийгхүлээн авч гаргасан шийдвэрээ биелүүлээгүй эсвэл хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн боловч түүний зөвлөмжийг хүлээн авч, шийдвэр гаргаагүй байвал мөн л тухайн ажилтанд ажил эрх нь бий. Гэхдээ ажилтан ажил хаялтад сайн дураараа оролцох ёстой. Хэн нэгний албан шаардлага, шахалтаар ажил хаялт зарлаж болохгүй. Мөн тухайн ажилтанд ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэх, эсвэл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг тулгаж шаардах ёсгүй. Сайн дурын үндсэн дээр ажил хаялт зарлах ёстой.
-Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байрыг түр хаасныг хууль бус гэж үзэх үү?
-Хөдөлмөрийн хамтын маргааны улмаас зохион байгуулсан ажил хаялтыг миний дээр хэлсэн эрхүүдийг зөрчвөл хууль бус болж байгаа юм. Мөн батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулж болохгүй. Хуульд заасан хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах харилцаанд хамаарахгүй асуудлаар шаардлага тавьж ажил хаявал мөн л хууль бус болно. хэрвээ тухайн байгууллагын ажил олгогч, ажилтны аль нэг нь ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж үзэж байгаа бол шүүхэд хүсэлт гаргах боломжтой. Үуний дараа шүүхээс хууль бус мөн эсэх талаар шийдвэр гаргана. Шүүхээс энэ ажил хаялт нь хууль бус гэсэн шийдвэр гарсан тохиолдолд ажил хаялтаа шууд зогсоох ёстой.
-Хууль бус ажил хаялт зарласан бол торгох уу?
-Хэрвээ ажил хаяхыг хориглосон байгууллагад ажил хаялт зохион байгуулбал иргэн, албан тушаалтныг 40-50 мянган төгрөгөөр торгодог. Харин аж ахуйн нэгж, байгууллагыг 100-200 мянган төгрөгөөр шүүгч торгоно.
Н.Батзаяа
Эх сурвалж: Монголын мэдээ