Монголчууд биднийг сонгуулийн дуулиан өрнүүлж, бие биендээ хуурамч \”хайр\” зарлан, матаж, \”түгжилдэж\” байх хооронд европ тивд, ялангуяа зүүн европт цэрэг-улс төртэй холбоотой томоохон явдал болж байна. Энэ сарын 6-ны өдөр Польш улсын хойд зүгт орших Торан хотын ойролцоо бүрэн зэвсэгтэй 1000 гаруй шүхэрчид байлдааны тээврийн онгоцноос шүхрээр бууснаар хоёр жил тутам зохион байгуулагддаг НАТО-ийн \”Анаконда-2016\” томъёолсон нэртэй цэргийн сургууль эхэллээ.
Сургуульд НАТО-ийн гишүүн 24 улс орнуудын 31 мянган цэргийн алба хаагч, 105 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг, 12 усан онгоц, 3 мянган танк, хуягт тээвэрлэгч оролцож байна. 12 хоног үргэлжлэх уг сургууль 6 дугаар сарын 17-нд дуусна. Польш улсын ерөнхийлөгч \”Уг сургууль нь хэн нэгнийг заналхийлсэн санаа агуулаагүй, зөвхөн батлан хамгаалах зорилготой,\” хэмээн мэдэгдэж буй хэдий ч оросууд өөрөөр ойлгож, хүндээр тусган хүлээн авч байна.
НАТО-ийн хийж буй алхамын эсрэг оросууд зүгээр суусангүй өнөөдөр 2016 оны 6 дугаар сарын 14-нд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий дээд командлагчийн шийдвэрээр зэвсэгт хүчний бэлэн байдлын гэнэтийн шалгалт явуулж эхэллээ. Энэ удаагийн гэнэтийн шалгалт нь БХЯ, ЗХЖШ болон улс орны хэмжээний цэргийн удирдлагын байгууллагын бэлэн байдал, дайчилгааг зохион байгуулах асуудал мөн түүнчлэн склад/нөөцөд буй зэвсэглэл, техникийн хадгалалтын байдлыг голчлон шалгах ажээ. Шалгалт 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ.