НИТХ-ын төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжилж, хотын даргын тамга тэмдгээ хүлээн авсан даруй даа хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
-Хотын даргын хамгийн эхэнд хийх ажил юу вэ?
-Хийх ажил, шийдэх асуудлыг холоос хайхгүй. Нийслэлийн иргэд оршин суугчид бид шат шатандаа маш сайн мэдэж байгаа. Агаар орчны бохирдол, замын түгжрэлийг багасгах, цаашлаад иргэдийн аюулгүй байдлыг хангах, хот төлөвлөлтийг зөв явуулах гээд олон асуудал бий. Энэ бүхнээс эхлээд ажлаа үргэлжлүүлээд явна.
Хотын ажил, амьдралыг мэддэг, ойлгож байгаа хүний хувьд цаг алдах асуудал байхгүй. Юу юунаас илүү хариуцлагаас эхэлнэ. Хариуцлага бүх шатандаа сул, ёс зүй дорой байгаа. Төрийн албан хаагчид бүх шатандаа хариуцлагатай байж, төр захиргааны байгууллага бүтээлч ажиллаж чадвал нийслэлчүүдийн өмнө шийдэж болохгүй асуудал байхгүй.
-Хариуцлага дагаж халаа, сэлгээ хийгдэх үү?
-Хариуцлагыг эхлүүлж байна гээд аливаа зүйлд туйлшрахгүй. Нийслэлийн төр захиргааны байгууллагын бүх шатанд төрийн албан хаагчийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг өндөр түвшинд байлгах, ажлын гүйцэтгэлийг илүү үр дүнтэй, чанартай байлгахад хатуу шаардлага тавьж ажиллана.
Хотын даргын ажлыг илүү үр дүнтэй, түргэн шуурхай шийдэх ёстой ажлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан, бүлэглэл, сүлжээнд зориулсан бус асуудлыг шууд шийдвэрлэхэд чиглэсэн оновчтой зохион байгуулалтыг хийнэ. Мөн өнгөрсөн хугацаанд нийслэлийн барьж ирсэн зарим уламжлалт арга барил, бодлого шийдлийн тогтлолцоог нийгмийн шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилнө.
Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй. Бүх зүйл дээр судалгаа тооцоотой, сүүлийн үеийн технологи дээр суурилсан, ухаалаг шийдэлтэй, шинжлэх ухаанч, аюулгүй байдлыг хангаж ажлуудаа үргэлжлүүлээд явна. Хотын хөгжилтэй холбоотой олон асуудлууд дээр хуулийн хүрээнд шинэ жишгийг тогтоох, шинэлэг өөрчлөлт, шинэчлэлтийг хийхтэй холбоотой олон шийдэмгий хурц алхмууд хийж ажиллана.