Өнгөрөгч долоо хоногт Монгол улсын Шадар сайд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал гарсан билээ.
Гэвч ийнхүү сайд нарын хамтарсан тушаал гараад тавхан хонож байтал Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Зүүн харгистай” гэдэг газар ойн түймэр гарч нийт 6.5 га талбай шатсан байна. Энэхүү түймрийн тухай дуудлагыг онцгой байдлын газарт мягмар гарагт буюу хоёрдугаар сарын 26-ны өдрийн 15:50 цагт өгчээ. Дуудлага авсан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн болон Цагдаагийн байгууллагын алба хаагч, орон нутгийн иргэд нийт 46 хүн, 5 автомашинтай ажиллаж тухайн өдрийн 23:18 цагт түймрийг цурманд оруулж чадсан байна. Ингээд өчигдөр 13:10 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт хүлээлгэн өгчээ.
Сайд нарын хамтарсан тушаал гараад удалгүй түймэр гарч байгаа нь энэ жил түймэр дахин гарах эрсдэл өндөр, Сэлэнгэ аймгийн байгаль орчны албаныхан хэрхэн ажиллаж байгааг харуулсан хэрэг боллоо.