Нийслэлийн хүүхдийн тоглоомын төвүүд болон зарим үйлчилгээний байгууллагууд гуравдугаар сарын нэгнээс эхлэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
Томуугийн вирусийн халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлж Хотын дарга хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын нэгнийг хүртэл хугацаатайгаар зогсоохыг захирамжимлсан. Үүнээс гадна нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ, нийтийн хоолны газар, ресторануудад 10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгож, холбогдох газруудад хяналт тавихыг даалгаж байсан юм.
Тэгвэл ”энэхүү захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төв, зарим үйлчилгээний байгууллагуудад хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэх боломжтой болсон. Мөн энэхүү захирамжийн хугацааг сунгахгүй” гэдгийг НЗДТГ-ын хуулийн хэлтэсээс мэдээллээ.
Гэхдээ эрүүл мэндийн байгууллагуудаас бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг, эхчүүдэд уриалж байна.