Өчигдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг Эрүүгийн цагдаагийн албанд сэжигтэнээр татаж байцаасан билээ.
Байцаалтын дараа Эрүүгийн цагдаагийн албанаас тэднийг цагдан хорих шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Прокурорын газарт хүсэлт хүргүүлсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу НПГ-ын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээж аваад, шүүхэд хүргүүлдэг. Гэвч ажлын цаг дууссан учир шүүхээс цагдан хорих захирамж гарах хүртэл тэднийг урьдчилан хорих 461 дүгээр ангид түр саатуулахаар болжээ.
Байцаалт гуравдугаар сарын 6-ны 00:10 цагийн үед дуусч тэднийг Эрүүгийн цагдаагийн албаны байрнаас Урьдчилан хорих 461-р анги руу авч явсан байна. Ингээд өнөөдөр ажил эхэлмэгц прокурорын хүсэлтийг шүүхэд хүргүүлж үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ.