Аз жаргал гэдгийг хүн хүн янз бүрээр тодорхойлдог. Аз жаргал бол хүний
сэтгэл санаа амжилт бүтээл гэр бүлийн сэтгэл ханамжтай байдал зэрэг олон хүчин
зүйлсээс хамаарна. Өнөөг болтол бид аз жаргал гэдгийг сэтгэл зүй, нийгмийн
талаас нь авч үзэж иржээ. Тэгвэл одоо аз жаргал гэдэг ойлголтыг арай өөр талаас
нь авч үзэхийг оролдъё. Аз жаргалтай байх эсэх нь хүний биеийн физиологийн үйл
ажиллагаанаас ихээхэн хамаардгийг шинжлэх ухаан нотолж байна.
Зүүн тархи жаргал эдлүүлнэ
АНУ-ын профессор Ричард Девидсон хүний уураг тархины үйл ажиллагаанаас аз
жаргал хамаардгийг баталжээ. Юу гэвэл хүний уураг тархины хоёр тал бөмбөлөг
эсрэг тэсрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж хариуцаж байдгийг судалгаагаараа
илрүүлэн тогтоожээ. Тархины зүүн талын хагас бөмбөрцөг нь баяр хөөр сэргэлэн
цовоо байдал, итгэл найдвар, өөдрөг сайхан цогтой байдлыг, харин баруун тал нь
уйтгарлаж гуньсан, гутарсан, уурлаж уцаарласан, үглээ яншаа байдлыг хариуцдаг
юм байна. Хэрэв хүмүүсийн тархины хоёр тал бөмбөрцөг адил тэнцүү хөгжсан бол
байгаль бүх хүнд адил баяр хөөр, гутрал гунигийг тэнцүүхэн заяах байсан гэнэ. Гэтэл
амьдралд тийм тэнцвэртэй байдал байдаггүй. Аль нэг тал нь давамгайлж байдаг
байна. Баруун тархи нь илүү хөгжсөн хүн
аз жаргалыг мэдэрдэггүй, дандаа гуньж гутарч явдаг аж. Харамсалтай нэг зүйл нь
тархины баруун тал нь илүү хөгжсөн хүн дэлхийн хүн амын 70 хувийг эзэлдэг. 10 сартай
хүүхдүүдийн тархины биогүйдлийг хэмжин тодорхойлоход ч ийм харьцаа ажиглагдаж
байсан гэнэ. Тэгэхээр энэ бол нийгмийн болоод сэтгэлзүйн нөлөөллөөс биш цэвэр
физиологийн ажиллагаа болох нь тодорхой байна. Тэгэхээр уураг тархиа дасгал
сургуулилт болон эмчилгээний аргаар тархины зүүн тал бөмбөрцгийн үйл ажиллагааг
идэвхжүүлж жаргалтай хүмүүсийн эгнээнд оруулж болохыг туршлагаар нотолжээ.
Тарган хүмүүс жаргалтай
Тарган хүмүүс өөрийгөө дандаа өөдрөг жаргалтай гэж үздэг байна. Нобелийн шагналт
Жемс Уотсон тарган, туранхай хүмүүсийн бие дэхь химийн процессийг судлаад
илүүдэл өөх тос бие организмд нааштайгаар нөлөөлдгийг илрүүлжээ. Сэтгэл санаа
өөдрөг байлгахад нөлөөлдөг эндорфим гэгч бодис тарган хүмүүст их байх тул тэд
голдуу наргианч хөгжилтэй байдаг. Үүнээс гадна тэдний биед сексийн дур
сонирхлыг нэмэгдүүлдэг даавар түргэн бүрэлддэг. Иймээс хөгжингүй орны эрчүүд
тарган эмэгтэйг сонгох болсон нь эдгээр зүйлстэй холбоотой аж.
Эд хөрөнгө жаргал авчирдаггүй
Аз жаргал гэдгийг эдийн засаг, эд хөрөнгийн талаас нь аваад үзье. Зах зээлийн
нийгмийн хүний гол сонирхол нь эд хөрөнгө, мөнгө төгрөг гэдэг. Тэгвэл америкийн
форбес сэтгүүл бэл бэнчин нь 100 сая доллараас дээш гарсан хөрөнгөтэй хүмүүс
жирийн америкчуудаас илүү зовлонтой, дандаа сэтгэлийн шаналалтай явдгийг судлан
илрүүлжээ.