Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулга, \”Байгаль эх дэлхийгээ авръя” ТББ-ын тэргүүн Д.Наранцогт, \”Гайхамшигт амьдрал” сэтгүүлийн эрхлэгч Д.Хишигжаргал нар санаачлан \”Хайрын нарсан төгөл буюу 5000 мод аян\”-г эхлүүлжээ. Төслийг санаачлагчид энэ өдөр уулзалт зохион байгууллаа.
Тэд 5000 ширхэг нарс модыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 2 га газарт тарих юм байна. Түүнийгээ \”Хайрын нарсан төгөл” хэмээн нэрийдхээр болжээ. Эл нэрний талаар жүжигчин Ө.Мөнгөнтулга \”Ингэж нэрлэх болсон нь учиртай. Дээр үед л гэхэд гэр бүлээрээ байрныхаа гадаа мод тариад, түүнийгээ арчилж ургуулаад, түүгээрээ бахархаж амьдардаг байж. Үүний адил манай \”Хайрын нарсан төгөл”-д хайрт хань, үр хүүхэд, ач зээ, найз нөхөддөө зориулж бүхий л хайрын илэрхийлэл болгож, өөр өөрсдийн сэтгэл шингэсэн мод тарих боломжтой юм. Ургаад сайхан болсных нь дараа энэ модыг би тэр хүнд зориулж тарьсан юм шүү, бидний тарьсан мод гэж ярихад хүртэл сайхан байх болов уу” хэмээн ярьжээ.
Төслийг санаачлагчид 5000 ширхэг модыг 40 мянган төгрөгөөр худалдаж аваад иргэнд 50 мянган төгрөгөөр зарах ажээ. Тодруулбал иргэн \”Хайрын нарсан төгөл”-д өөрийн гэсэн модтой болохыг хүсвэл төслийг санаачлагчдаас нэг ширхэг зулзаган нарс модыг 50 мянган төгрөгөөр худалдан авч, тус талбайд суулгах юм байна. Ингэхээр 5000 модыг 40 мянгаар аваад, иргэн бүрт 50 мянгаар зарахаар нэг модноос 10 мянган төгрөгийн ашиг олохоор зохион байгуулагчид тооцоолжээ. Улмаар олсон орлогоороо эхний удаад содон сонин чамин бүтээлүүд үйлдвэрлэдэг арван үндэсний үйлдвэрлэгчийг сонгон бүх талаар нь дэмжих ажлыг эхлүүлэхээр болжээ.