Япон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Цүнэказү Такэдаг Францын прокурорын газраас 2020 оны олимпийг зохион байгуулах эрх авахдаа авлига өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан түүнийг Японы олимпийн хороо хугацаанаас нь өмнө ажлаас нь чөлөөлж магадгүй байна.
Уг нь түүний Олимпийн хорооны ерөнхийлөгч гэх албан тушаалын хуулийн хугацаа ирэх зургадугаар сард дуусах ёстой. Тэрээр 2001 оноос хойш уг албан тушаалыг хашиж байгаа бөгөөд авлига өгсөн талаар эрс үгүйсгэж байгаа юм. Мөн сүүлийн үед сэтгүүлчдийн асуултад хариулахгүй зугтаж, өөрийн дотоод гадаадад оролцох хурал зөвлөгөөн, албан томилолтуудаа цуцалжээ. Үүнээс гадна Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ гишүүн бөгөөд байгууллагын Маркетингийн хэлтсийн даргаар ажилладаг юм байна.
ОУОХ-ны Ёс зүйн хорооноос түүнийг энэхүү асуудалтай холбогдуулан ёс зүйн алдаа гаргасан хэмээн үзэж шийтгэл хүлээлгэхээр болжээ.
Эх сурвалж: Ройтерс