Монгол Улсын газар доорхи баялаг бол Монголын ард түмний өмч. Дэлхийд эхний 10-т орох \”Оюутолгой\”-н баялгаас иргэддээ хүртээж чадаагүй Засгийн газар \”Тавантолгой\”-н баялгаас иргэн бүрт хүртээх зорилгоор ард иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн. харин үүнийхээ 30 хувь буюу 322 ширхэг хувьцааг худалдан авахаар болсон.
Тэгвэл энэ сарын 13-наас эхлэн хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгүүлсэн. Урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа гэсэн тооцоо гарчээ.
Гэхдээ иргэдэд олгох 300 мянган төгрөг буюу хувьцааны мөнгийг бөөнд нь биш, гурав хувааж иргэдэд олгохоор болсон. Тодруулбал, данс нээлгэснээс хойш долоо хоногийн дараа дансанд нь эхний 100 мянган төгрөг нь орох юм.
Иргэдийн хувьд арилжааны банкуудад хандан, дансанд мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээх аж. Харин хувьцаагаа худалдах хүсэлтэй ч арилжааны банкинд хандан маягтаа бөглөж амжаагүй байгаа иргэдийн хувьд бүртгүүлэх эрх нь нээлттэй байсаар байгаа юм байна.