Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Ардчилсан нийгмийн цоо шинэ үзэгдэл болох онлайн парламент, онлайн Засгийн газар байгуулагдах гэж байна. Та Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүн. Онлайн Засгийн газар, онлайн парламентын талаар ямар бодолтой байна вэ?
-Ардчилсан нийгэмд иргэдийн дуу хоолой чөлөөтэй байх тусмаа тэр нийгэм зөв замаар явах боломжтой байдаг. www.Zindaa.mn сайтынханы санаачлагаар онлайн Засгийн газар, онлайн парламент байгуулагдах гэж байгааг сонслоо. Энэ нь гурван талаасаа бол маш чухал зүйл. Нэгдүгээрт, төр засгийн гол зангилаа асуудлуудын талаар иргэд дуу хоолойгоо өргөн чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Энэ бол Монголд ус агаар мэт хэрэгтэй байгаа асуудал.
Бид урьд нь Оюутолгойн гэрээ ч байгуулж үзлээ, сонгуульд оролцох намуудын хөтөлбөр ч ярилцаж үзлээ. Ард түмний санал бодлыг илэрхийлэх суваг байгаагүй учраас бид олон талаараа алдаа хийсэн шүү дээ.
Хоёрдугаарт, одоогийн нийгмийн бүтэц улстөрийн тогтолцоог сайжруулахад хэрэгтэй. Одоо улстөрийн амьдралд намууд гэдэг бүтцүүд ноёрхоод, намууд маань олигархиудын мэдлийн хэрэгсэл болж хувирах хандлага хүчтэй байна. Улстөрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа баян чинээлэг хүмүүсийн бизнес төслийг нийгэмд тулгаж байна. Үүгээр ч зогсохгүй улсынхаа нэрийн өмнөөс, нийгмийн нэрийн өмнөөс гаднаас зээл авч улс орноо барьцаанд тавьчихаад цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчлэх хандлага гарч байна. Нөгөө талаас намууд гэдэг маань олон түмнийг хамрах, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх ёстой байгуулага боловч намыг тэжээж тэтгэдэг чинээлэг хүмүүсийн гарт орсноор нийгмийн дундаж давхарга түүнээс дооших хүмүүсийн санаа бодлыг бүдэг сонсох боллоо. Ийм нөхцөлд онлайн Засгийн газар, онлайн парламент нь нам гэдэг үхширмэл тогтолцооноос аажмаар салах гарц хайхад ач холбогдолтой.
Гуравдугаарт, онлайн парламент, онлайн Засгийн газар нь нийгмийн хамгийн өргөн давхаргад түшиглэж тэдний санаа бодлыг илэрхийлэх утгаараа нийгмийн эрүүл саруул хүчин болох ардчиллын тогтолцооны гурав дахь эгнээг бүрдүүлэх боломжтой гэж бодож байгаа. Энэ талаасаа бол маш чухал зүйл. Гэхдээ онлайн парламент, онлайн Засгийн газар нь өөрөө маш том эрсдэл, хүнд сорилтуудтай тулгарах нь дамжиггүй. Учирч болох хамгийн том бэрхшээл нь улстөрийн намууд төдийгүй эрх баригчдын зүгээс ирэх бодлого байх болно. Яагаад гэвэл онлайн технологийг ашиглаж олон түмний санаа бодолд нөлөөлөх, улстөрийн зорилгоор ашиглах сонирхолоор хандаж болох талтай. Хэрэв ингэсэн тохиолдолд гаж бодлогод орно. Үүнээс гадна одоогийн улстөрд нөлөөлөөд байгаа бизнес бүлэглэлүүд өөрийнхөө явцуу ашиг сонирхолд ашиглах боломжтой.
Ер нь болгоомжлох зүйл их бий. Жишээлэхэд, Оюутолгойн гэрээ байгуулах үед нийгмийн дотор лобби бүлэг үүсч гэрээг магтан дуулах, шахаж тулгах, хохирлоороо далайлгаж нийгмийг сэтгэл санааг үймүүлэх үйл ажиллагаа өргөн явсан шүү дээ. Үүнтэй адилхан бизнес бүлэглэлүүд онлайн парламент, онлайн Засгийн газраар дамжуулж төрөөс шахалт үзүүлэх, өөрсдийнхөө ашиг сонирхолын хэрэгсэл болгож ашиглах юм бол аюултай. Гурав дахь нь гадна дотны элдэв сонирхолоор янз бүрийн үйл ажиллагаа явуулах боломжууд бий л дээ. Энэ гурван аюулыг үргэлж бодож үүнээс сэргийлэх арга хэмжээнүүдийг авсан тохиолдолд онлайн парламент, онлайн Засгийн газрын давуу тал нь илүү болох байх гэж бодож байна.
-Онлайн парламент, онлайн Засгийн газарт хуучин бууны хугархай гэгдээд байгаа архаг \”мэргэшсэн\” улстөрчдийг оруулбал үр дүн нь хэрхэн гарах бол?
-Улстөрд орж чадаагүй, сонгуульд оролцоод ялалт байгуулаагүй, улстөрийн өш хонзон өвөрлөн даагаа нэхэж буй хүмүүс орох юм бол тус болохгүй. Мөн Онлайн парламент, онлайн Засгийн газарт нэр дэвшиж байгаа хүмүүс улстөрийн намуудын төлөөлөл болж цаанаа тэдний эрх ашгийг илэрхийлэх үүднээс орж ирэх юм бол өөртөө ч, улс нийгэмд ч хортой зүйл хийнэ. Ер нь Онлайн парламент, онлайн Засгийн газрын амжилттай ажиллах үндэс нь улстөрөөс аль болох хол хөндий байгаа оюуны нөөц буюу эрдэмтэн мэргэдээ нааш нь татах. Тэднийг идэвхжүүлбэл тэдний мэдлэг чадвар хэрэг болно.
-Онлайн парламент, онлайн Засгийн газарт орж ажиллах санал тавьсан УИХ-ын гишүүн байна. Тэдний тухайд…?
-УИХ-ын гишүүдийн хийх ажил нь багадсан юм шиг үүн рүү орж байгаа нь утгагүй асуудал. УИХ болон Засгийн газрын гишүүн гэдэг чинь нэг хүний яс янгинуулам хүнд ачаа юм шүү дээ. Гэтэл одоо манай УИХ-ын гишүүд алдарт уяач болоод явж байгаа нь уяачийн хөдөлмөрийг доромжилж байгаа юм шиг хандаж байгаа хэрэг. Уяач гэдэг чинь нойр хоолгүй ажилладаг маш хүнд ажил шүү дээ. Үүгээрээ зогсохгүй одоо УИХ-ын гишүүн онлайн парламент, онлайн Засгийн газар руу ороод тэнд давхар үүрэг хүлээнэ гэж байвал цэвэр улстөрийн нэр төрийн хойноос хөөцөлдөж байгаа увайгүй хэрэг. Энэ бол ёстой хэрэггүй зүйл шүү.
-Та сүүлийн үед Оюутолгойн гэрээний асуудлыг их хөндөж байна. Ялангуяа 20 мянган хувьсагчийг шууд үгүйсгэсэн байсан. Гэхдээ одоогоос бараг 20 гаруй жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Оюутолгойн асуудлаар албан бичиг өгч байсан гэсэн. Нэлээд эртнээс мэдэрч байжээ?
-Би Оюутолгойн асуудлаар зөвхөн одоо ингэж хандаж байгаа юм биш. АН-ын парламентын бүлэг Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргахад нь би тэр өдрийн 10 цаг 45 минутад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хандаж санал бодлоо илэрхийлж байсан. \”Энэ гэрээг яагаад чиг ийм байдлаар байгуулж болохгүй. Энэ бол эдийн засаг талаасаа ашиггүй төдийгүй Монгол улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдал талаасаа байж болохгүй гэрээ\” гэж.
20 мянган хувьсагчийн тухайд С.Баярцогтын хэлээд байгаа 20 мянган хувьсагч гэдэг нь энэ тооцоог хийсэн хүмүүсийн үйлдлийг хамгаалах нэг хэрэгсэл юм биз дээ. Гэхдээ 20 мянган хувьсагчтай загвар бодоогүй гэдгийг би баттай ойлгож байна. Яг 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангаж болохгүй. Монголд тийм боломж ч байхгүй. Гол асуудал нь эдийн засгийн үр ашиг. Монгол баялгаа гадны оронд эзэмшүүлээд өөрөө өртэй хоцорч байгаа нь л үр ашиггүйн гол нотолгоо юм. Үүнээс гадна Оюутолгойн гэрээ байгуулснаар Монголын эдийн засгийн нэгдмэл орон зай задарсан. Улс орны эдийн засаг гэдэг чинь нэг цогц бүхэл зүйл. Монголын эрх зүйн орчинд, монголын төрийн хяналтан дор байх ёстой. Гэтэл Монголын эдийн засаг одоогийн байдлаар хууль эрх зүйн орчноор зохицуулагддаг, монголын ядуу зүдүү аж ахуйн нэгжүүд, мал аж ахуй, мөн өмнөд хөршийн хууль эрх зүйгээр зохицуулагддаг нэг бүлэг, дээрээс нь Оюутолгой гээд Фрийдландын ч юм уу, Рио тинтогийн ч юм уу дур зоргоор зохицуулагддаг гурван бүтэцэд хуваагдлаа.
Эдийн засаг гурав хуваагдана гэдэг нь ирээдүйд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх нь хуваагдах үндэс тавигдаж байна гэсэн үг. Энэ бол том аюул шүү. Оюутолгойд шүүмжлэлтэй хандах гурав дахь том асуудал нь монголын нийгмийн баялгийг ухаж аваад оронд нь хоосон нүх, сүйрсэн байгаль үлдээх аюулыг дагуулж байгаа. Усны асуудал, байгаль орчны асуудал гээд дутуу шийдэгдсэн асуудал олон бий л дээ. Оюутолгойн асуудлыг бүхэлд нь аваад үзэх юм бол анхаасаа л монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Хайгуулын ажил дуусаагүй байхад ашиглалтын лиценз өгсөн.
Нөөц нь тогтоогдоогүй байхад ашиглалтын лиценз өгнө гэдэг нь хэнд, хичнээн тонн баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй байна гэсэн үг. Мөн техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад гэрээ байгуулсан. Хэнтэй юу хийж байгаагаа мэдэхгүйгээр гэрээ байгуулж болох уу даа.
Гэрээ байгуулахдаа юу хийв гэхээр дээр дурьдсанчлан өөрийнхөө баялгийг хүнд өгөөд өөрөө өртэй хоцрох гэрээ байгуулсан. Энэ бүхнээс бодоод үзэхээр Оюутолгойн гэрээ бүх талаараа Монголд ашиггүй муу гэрээ болсон гэдгийг хэлэх байна. Одоо энэ гэрээг байгуулсан хүмүүс, төр засгийн удирдлагууд хариуцлагыг нь хүлээх ёстой байх. Тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр, дараагийн Ерөнхий сайд Сү.Батболд нар. Мөн тухайн үед Уул уурхайн сайд нь Д.Зоригт гэж хүн, Сангийн сайд нь С.Баярцогт байлаа. Энэ дөрвөн хүнээс монголын ард түмэн хэзээд асуух болно. Асуух асуухдаа хариуцлага асуух болно.
-Гэрээ маш муу болсон гэж нэг хэсэг нь шүүмжлээд байдаг. Гэтэл манай үе үеийн төрийн тэргүүнүүд Оюутолгойд зөвлөх хийн, дэмжиж ажиллаж байна. Харин таныг Оюутолгойн гэрээний эсрэг хүчтэй дуугараад ирэхээр худалдагдсан, лобби бүлгийн ятгалганд автсандаа эсэргүүцэж байна гэж харах өнцөг нийгэмд байна?
-Ганцхан П.Очирбат, Н.Багабандийн тухай асуудал биш ээ. Ер нь Оюутолгой анх байгуулагдахаас эхлээд Фрийдландын дэргэд төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд, хамаатан садангууд бөөгнөрсөн. Тэдний жагсаалтыг гаргаж бэлтгэхэд одоо ч оройтоогүй байх гэж боддог. Энэ хүмүүс нийлээд Монголын нийгэмд маш хүчтэй лобби бүлэг үүсгэсэн. Оюутолгойн тухай асуудлыг ярих юм бол би 2005 оны нэгдүгээр сарын 5-нд интернэтээс Оюутолгойн гэрээний төслийг олж авсан юм.
Тэр даруй өөрөө үзээд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга М.Энхсайханд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Готов гуравт би өөрөө аваачиж өгөөд \”Энэ болохгүй шүү. Ийм гэрээ хийж болдоггүй юм. Улс эх орны эрх ашигт харшилна\” гэж хэлсэн. Тэр үеэс эхлээд л би эсэргүүцэн ярьж эхэлсэн шүү дээ. Гэсэн ч надад хэн ч мөнгө төгрөг санал болгож байгаагүй.
Би эх орноо гэсэн сэтгэлээр л ярьж байгаа болохоос биш, өөр ашиг сонирхолоор ингэж яриагүй. Намайг Оюутолгойн гэрээг эсэргүүцлээ гээд \”Сайн байна\” гэж хэлдэггүй, \”Битгий эсэргүүцээд бай\” гээд хээл хахууль өгье гэж байгаагүй. Өгье гэсэн ч би авахгүй. Тийм болохоор намайг хардах зүйл байхгүй.
-Магадгүй таныг С.Баярцогт руу хүчтэй үгээр \”дайрсан\” болохоор тэгж хардах шалтгаан болсон байж болох талтай…?
-С.Баярцогт Монголын ард түмнийг хуурч мэхлэх улаан цайм алхам хийсэн. Үүгээр ч зогсохгүй дэлхий нийтийн өмнө Монголын төр гэж ямар арчаагүй \”юм\” байдаг юм бэ, Монголын Сангийн сайд гэж ийм хүүхэлдэй байдаг юм гэдгийг харуулснаар Монгол улсыг дэлхий дахинд шившиг болгосон. Тийм учраас би С.Баярцогтын эсрэг байж \”Болохгүй юм хийсэн хүн\” гэж хэлж байгаа юм.
-Оюутолгойн гэрээг Монголд биш, Фрийдландын талд ашигтай хийлгэх \”далд хүчин\” аль эртнээс хөдөлж эхэлсэн төдийгүй дээрх гэрээнд зориулж Татварын болон Ашигт малтмалын хуулийг өөрчилсөн гэдэг. Эл бусармаг үйлдэл нь хожим ил гарч нийгмийн хүчтэй эсэргүүцэлтэй тулж мэдэх учраас ард түмний \”нурууг нь авч\” зүрх зоригийг мохоох хүсэл \”далд хүчин\”-д байсан байх. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал цуглаан нь тэдний хүслээ биелүүлэх боломж болсон байж магадгүй. Өөрөөр хэлбэл ард түмэн рүүгээ буу шагайсан явдал нь \”Жагсаж цуглавал ингэнэ\” хэмээн анхааруулсан хатуухан сануулга байж мэдэх юм…?
-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал нь сонгуулийн луйвартай холбоотой ч тэр үеийн үйл явдлыг эргээд ярина гэвэл сонин байна. Сонгуулийн сурталчилгааны явцад АН нэг сая төгрөгийн хувьцаа тараана гэсэн нь хүмүүсийн сэтгэлийг нилээд татсан төдийгүй ер нь үндэснийхээ баялгийн эзэн болох нь уу гэсэн найдвар төрүүлж байсан. Гэтэл сонгууль болохоос 7-хон хоногийн өмнө тухайн үеийн МАХН-ынхан \”Бид 1,5 сая төгрөг тараана\” гэсэн лоозон бариад гэнэтхэн гараад ирснийг санаж байгаа байх. Тус намын нарийн бичгийн дарга нар гэх цагаан цамцтай залуучууд батламж бичгээрээ даллаад хурал дээрээ сууж байгааг телевизүүдээр үзүүлж, үүний дараа батламж бичиг тараалаа шүү дээ.
Сонгууль гэдэг бол 4 жил хуримтлагдсан хүлээлтийн тайлал зангилаа байдаг. Гэтэл энэ хүлээлтийг долоохон хоногийн дотор өөрчилж мөнгөний амлалтаар асар их эргэлт гаргана гэдэг бол улстөрийн тогтворгүй байдал үүсгэх хангалттай шалтгаан. Энэ нь МАХН-ынханы сонгуулийн тактиктай холбоотой байсан л даа. Энэ утгаараа уур хилэн дэлбэрч жагсаал цуглаан болсон гэж боддог. Байшин шатаасны хувьд би одоог хүртэл эргэлздэг. Тэр бетонон байшин яахаараа дээд давхараасаа эхлээд шатсан юм, яасан ч түргэн шатсан юм.
Тэр байшин дотор хичнээн литр виски, спирт агуулагдаж байсан юм. Бодвол тэрнийхээ галд шатсан байх. Уг нь намын хуулиар бол үл хөдлөх хөрөнгө түрээслэхийг хориглодог. Гэтэл тэр үед МАХН-ынхан байраа хууль зөрчин түрээслэж байгаад байшингаа шатаасан. Тэр үед Оюутолгойн асуудал байсан уу гэвэл байсан гэдэг нь илэрхий харагдаж байгаа юм л даа. Үүнээс өмнөх явдлыг аваад үзье. 2006 онд ашигт малтмалын хууль өөрчлөгдлөө. Тэнд юу болов!?. Ашигт малтмалын хуулиа өөрчлөхдөө Оюутолгойн одоогийн нөхцөл байдал бүрдэх бүх үүд хаалгыг нээж өгсөн шүү дээ.
Мөн 2006 онд Татварын хууль өөрчлөгдлөө. Хуучнаар бид шаталсан татвартай байсан. Гэтэл одоо нэг шатлалтай болж өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр 2008 оны сонгууль болохоос 2-3 жилийн өмнөөс эхлээд УИХ дотор Оюутолгойн эрх ашгийг хамгаалах лобби бүлэг ажиллаж, монголын хууль эрх зүйн орчныг өөрчилсөн байсан.
Одоо Ашигт малтмалын хуулийг өөрчлөх ажлын хэсэг гарлаа. Тэр үед Тавантолгойн ордыг хувьдаа эзэмшиж байсан хүн л тэр ажлын хэсгийг толгойлж байсан шүү дээ. Тэрний ар талд гадаадын хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл Оюутолгойн Фрийдландын компаниар тэжээгддэг, санхүүждэг Монголын уул уурхайн ассиоцацийнхан уул уурхайн бодлогын голыг тодорхойлж байсан шүү дээ. Тэнд хэн хэн байсныг Монголын ард түмэн мартах ёсгүй. Энэ хүмүүс Оюутолгойн бодлогыг лоббидож хэрэгжүүлж өдийг хүрсэн. Энэ чинь 2008 оноос өмнөх асуудал байхгүй юу. Тэгэхээр хатуухан сануулга гэж хардах нь зөв л дөө. Амь үрэгдсэн хүмүүсийн асуудал чинь жагсаал цуглаан тарж байхад болсон шүү дээ. Гудамжинд явж байсан хүмүүсийг хөөж буудсан асуудал. Түүнээс биш цагдаагийн өөдөөс мод чулуу бариад дайрч байгаа улсуудыг буудаагүй.
Тэр үеийн бичлэгийг харж байхад их сонин байдаг. Жагсагчид нь чулуу бариад цагдаагийн өөдөөс шиднэ, нөгөөдүүл нь ухарч байгаад чулуу аваад жагсагчид руугаа шиднэ, урагшаа давшина. Нэг үгээр хэлбэл өдөж байгаад хөдөлгөж байгаа байхгүй юу. Тэр явдал илэрхий л байсан шүү дээ.
-Ашигт малтмалын орд газруудын нөөц, чанар, байршил нь бүгд ганц тохиох өөр өөр. Үүнийгээ дагууд хувь эзэмшил нь хүртэл хөдөлгөөтэй байх ёстой гэдэг. Гэтэл манай улс хувь эзэмшлээ 60:40 гэсэн тоон дээр тогтоочихсон байгаа нь байгалийн баялгийнхаа шим шүлтийг нь гадныханд өгч өөрөө хусамыг нь долоох эх суурь болсон гээд байгаа?
-60:40 гэдэг нь ч өөрөө оновчтой тоо биш. Ер нь уул уурхай гэдэг чинь их өвөрмөц салбар. Орд газар бүхэн цорын ганц тохиолдох онцлогтой байдаг нь үнэн. Баялагийнхаа агуулгаар, чанараар, байршилаар, уул геологийн нөхцөлөөр гээд бүгд өөр өөр. Тийм учраас ганцхан стандарт байж болохгүй. Тэр байтугай нөөцийн төлбөр авахдаа ч гэсэн 5 хувь гээд мунгинаад сууж байж болохгүй шүү дээ. Тухайн орд газрыг эзэмших сонирхол үр дүнгээс шалтгаална. Жишээлбэл, Киргизийнхэн кунторын алтнаас 18.1 хувийн нөөцийн төлбөр авч байгаа.
Гэтэл Монголчууд Оюутолгойгоос нөөцийн төлбөрт таван хувийн татвар авч байгаа. Ийм хандлага байж болохгүй ээ. Ер нь хатуу хууль тогтооно гэдэг нь арчаагүйн шинж. Миний бодлоор бол Монголын төр засаг ямар орд газраа, хэнтэй яаж ашиглах вэ, ямар түвшинд боловсруулах вэ гэдэг бодлогоо тодорхойлчихоод дараа нь орд газар тус бүр дээрээ хамтрагчидтайгаа ярих ёстой.
100 хувь тэдэнд өгч ашиглуулаад татвараа аваад сууж байж болно, 100 хувь тэдэнд өгчихөөд түүхий эдээ өөрөө аваад боловсруулаад сууж байж болно. Ер нь янз янз байж болно. Нөгөө талаас татварын хууль болон эрх зүйн орчин нь боловсронгуй байх хэрэгтэй.
Жишээлэхэд, Швед улсад 100 сая кроноос дээш ашигтай газрууд ашгаасаа 70 хувийн татвар төлдөг. Төлөөд л, ажиллаад л байгаа шүү дээ. Гэтэл Монголд 25 хувийн татвар төлдөг. Тэнгэр газар шиг ялгаатай байгаа биз. Тэгэхээр эхлээд эрх зүйн орчноо боловсронгуй болгоод дараа нь төрийн оролцоог багасгах асуудал байж болно.
2006 онд татварын хуулийг өөрчилж байхад бид хэлж байсан. \”Наадах чинь хэдхэн олигархиудын капиталын эрх ашигт үйлчилж байна. Сүүлд уул уурхайн томоохон үйлдвэрүүд ашиглалтанд ороход та нар аргагүй байдалд орно шүү\” гэж. Гэтэл одоо эргээд харахад ашиг хуримтлалаа хурааж авч чадахаа байчихсан. Тэрнийгээ нөхөхийн тулд 40:60 гэдэг тоог санаачлан гаргаж байгаа юм. Стратегийн орд газруудад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг монголын тал эзэмшинэ гэсэн хууль гаргачихсан байгаа. Өөрөө бодоод үз дээ. Хээл хахууль, авлигад нэвт идэгдсэн Монголын төр гэж нэг юм байна. Цаад талд нь эрх ашгаа бодож явдаг хөрөнгө оруулагч гэж байна. Тэр хөрөнгө оруулалтынхаа 51 хувийг Монголын талд өгчихөөд юу бодож суух юм бэ. Ийм юм байж болох уу даа. Шийдэхэд хэцүү. Тэгэхийн оронд татвараа шатлалтай тогтоогоод \”Би хамгийн дээд тал нь ашгийн чинь 60 хувь хүртэл татвар авна\” гээд хэлчихсэн бол тэр хүн чинь тооцоо хийгээд илүү олохоор бол өөрөө ороод ирнэ шүү дээ.
\”Одоо уул уурхайн нөхцөл хүндэрсэн учраас гадаадын хөрөнгө оруулагчид зугатлаа\” гэсэн бөөн гомдол ухуулга яваад байна шүү дээ. Хууль зөрчиж лиценз авсан, шударга бус хуулиар хөнгөлөлттэй нөхцөл эдэлж байгаа компаниуд явбал яваг л дээ. Үүний араас уйлаад яах юм. Өөрсдөө шударга нөхцөлөө бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Тэгэхгүйгээр татвар багатай янз бүрийн хууль тогтоочихоод тэрнийгээ хулгайлж авсан лицензээр уургалах гэж оролдох, тэднээсээ хахууль авах гэж оролдох, ийм байдлаар хандах юм бол цаашдаа энэ салбар чинь явахгүй шүү дээ.
-Оюутолгойн гэрээг шүүмжлээд л байгаа. Гэхдээ зөв гольдролд нь оруулах, хаана, ямар заалтыг нь засахыг тэр бүр хэлдэггүй. Таны бодлоор гэрээний аль хэсгийн, ямар заалтыг нь яаж засмаар байна?
-Гэрээ рүү орохоосоо өмнө Монголын талд засч залруулах юм байна. нэгд, татварын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Хоёрт, Ашигт малтмалын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Гуравт, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөх хэрэгтэй. Эдгээр хуулиудын өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу.