-За дүү нас хэд вэ?
-25
-Эхнэр авсан уу?
-Үгүй ээ.
-Тэгээд өөрийнхөө гэрийг ч төвөхнүүлээгүй байж, улс удирдах гэж байгаа юм
уу?
-Дүүд нь шийдэл байна. Та бүгд намайг дэмжвэл хамтдаа улсаа хөгжүүлье.
Нэг иймэрхүү яриа манай байрны саравчинд өрнөлөө. \”Годгор
охин” гэдэг шиг туяхан залуу манай тойрогт нэр дэвшиж байгаа юм гэнэ. Сурсан
сургууль, мэдлэг гэвэл ярих юм биш. Хэзээ, хаана, ямар насандаа энэ олон
сургуулийг төгссөн юм бол оо гэмээр. Монголд дээд боловсрол эзэмшээд, мастер,
доктороо гадаадад хамгаалж. Уг нь боловсролын тухай хуулиар нас нь арай
болоогүй л юм шиг. Гэхдээ гоц ухаан байвал нэг жилийн дотор хэдэн ч сургууль
төгсч болно л доо, яадаг юм.
Гэвч олон сургууль төгссөнөөрөө улс орон удирдана гэвэл түүн шиг худлаа
зүйл байхгүй шүү. Ёстой нөгөө \”ном үзсэн эмчээс зовлон үзсэн эмгэн дээр” гэдэг
чинь энэ улс төрд л хэрэгтэй эд байгаа юм. Хэн дуртай нь \”би чадна” гээд нэр
дэвшээд байвал юу болох билээ. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох эрхтэй ч төрийн
босго гэдэг тодорхой шалгууртай баймаар.
Залуу хүнд хүсэл мөрөөдөл, эрч хүч байж болно л доо. Үгүйсгэхгүй. Гэхдээ улс
орныхоо төлөө санаа нь зовниж, хувь нэмрээ оруулья гэж бодож байгаа бол хамгийн
их боловсон хүчин дутагдаж байгаа, засаг захиргааны анхны нэгжүүдэд очиж, хүчээ
өргөвөл яасан юм бэ.
Сум, баг, дүүрэг, хороо, аймаг гээд мэргэжилтэй, боловсролтой залуусаа \”цангаж”
байгаа газрууд олон. Нэг хороо руу яваад ороход компьютерийн анхан шатны
мэдлэггүй \”эмээ нар” хуруугаа зөөж ядан суух нь бий. Дүүргүүдэд одоо л чадвараа
гайхуулж баймаар ахмадууд иргэний мэдээлэл бөглөөд, бүртгэл хийгээд суух нь
харамсалтай.
Харин энд л хүчээ өргөж байх учиртай залуус нь том мөрөөдөл, том
санаархалдаа ташуурч, төрийн өндөр сэнтий рүү шунах юм. Биеэ ч гүйцэт засаж
амжаагүй байж, улсыг захад том үйлд шунаж, өөрсдийгөө тэр хэрээр эвдэж байна.
Ярьж хэлж байгаа нь бүгд хийсвэр, мөрөөдөл төдий. Уг нь нийгэмтэйгээ хөл
нийлүүлж, хэдэн жил ардын зовлонг дундаас нь мэдэрсэн хүн \”тэднийхээ төлөө
ажиллая” гээд нэр дэвшвэл хэчнээн сайхан.
Гэтэл гадны орон аав ээжийнхээ буянаар сурч, зугаалж яваад ирсэн эрх
жаалууд \”борчууд”-ыг төлөөлж, төр суухаар хошуурч байх юм. Даанч харамсалтай. Хэрэгтэй газар нь дутмаг
байгаа зүйл хэрэггүй газраа хахаж цацаж байх юм даа.
Амар