Иргэд \”Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 30 хувиа
Засгийн газарт зарж, өчигдрөөс төлбөрөө авч эхэлсэн. Журмаараа хүсэлт
гаргаснаас долоо хоногийн дараа төлбөрийн эхний санхүүжилт орно гэж заасны
дагуу иргэдийн дансанд мөнгө нь орсоор байна. Тухайлбал, зургаадугаар сарын 13-ны өдөр
хүсэлтээ гаргасан 360 гаруй мянган иргэдийн данс руу нийт дээ 36 тэрбум төгрөг
шилжсэн байна. Гэвч энэ хөрөнгө яг хаанаас гарсан нь тодорхойгүй.
Уг нь НХҮЕГ-ын Санхүү бүртгэл
төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Бадрах \”Насанд хүрээгүй иргэдийг хасаад
1,650,000 иргэн хувьцаагаа зарах эрхтэй. Үүнээс өнгөрсөн долоо хоногийн байдлаар
1,059,530 иргэн хувьцаагаа зарах хүсэлт гаргасан. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт буюу
зургаадугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан 362,000 иргэний данс руу тус бүр
100,000 төгрөгийг шилжүүлээд байна. Энэхүү санхүүжилтэд зориулж Монголбанкнаас
36.2 тэрбум төгрөгийг арилжааны банкууд руу шилжүүлсэн\” гэсэн тайлбарыг
өгсөн юм.
Гэтэл Монголбанкны дэд Ерөнхийлөгч
Э.Батшугар \”Монголбанк макро эдийн засгийн тэнцлээ
хадгалахын тулд улстөр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн
хувьцааг худалдаж авах уу гэдэг нь цэвэр Засгийн газрын үйл ажиллагаанд
хамаарна. Монголбанкинд бол хамааралгүй, манайх оролцохгүй. Засгийн газар ямар
зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой
болов уу. Төсвийн хөрөнгөөс, эсвэл бонд босгож иргэдийн хувьцааг худалдан авах
уу гэдгийг сайн мэдэхгүй байна”
тайлбарыг яг долоо хоногийн өмнө өгч байжээ.
Э.Батшугар
Монголбанкны чиг үүрэг талаас нь тайлбарлаж, сонгуулийн шоунд улс төв банк
хөрөнгө гаргах учиргүй гэдгээ хэлж. Гэтэл түүний хэлсэн үг долоо хонолгүй \”хүчээ
алдаж” төв банк сонгуулийн шоуг санхүүжүүлж эхлэв бололтой. Эндээс Төв банкны
дэд ерөнхийлөгч байгууллагаасаа өөр мэдээлэлтэй
явдаг юм уу гэж хардмаар. Эсвэл байгууллага нь үйл ажиллагаагаа дэд
ерөнхийлөгчдөө мэдэгддэггүй байх нь.
А.Аюуш