УИХ-ын болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль 2016 оны 6 дугаар сарын 29-нд болно. Сонгуулийн санал авах өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй байх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Тус захирамжийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Б. Түвшинтөгсөөс тодрууллаа.
– Зургаадугаар сарын 29 буюу сонгуулийн санал авах өдөр нийслэлд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Нийслэлийн Засаг дарга 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай А/499 дугаартай захирамж гаргалаа. Тус захирамжид зааснаар, сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байгаа юм. Тиймээс энэ өдөр зохион байгуулах ямар ч арга хэмжээнд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл олгохгүй. Мөн олныг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй.
-Зах, худалдааны төвүүдийг амраах уу?
– Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор 6 дугаар сарын 29-ний өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан. Энэ өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүдийн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 06 дугаар сарын 29-ний өдөр рүү шилжүүлж байгаа. Түүнчлэн өмнөх сонгуулиудын жишгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт тавьж ажиллана.
– Сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл боломжийг нийслэлээс хэрхэн хангах вэ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар санал авах байрны телефон утас, цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хангах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит компанийн удирдлагуудад өгсөн. Мөн хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгосон.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс