Сар бүр мэдээлэл өгдөг уламжлалын дагуу өнөөдөр Авлигатай тэмцэх газраас гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож байна.
Энэхүү мэдээллийн үеэр Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван асуудалтай холбогдуулан шалгаж байгаагаа мэдэгдлээ. Үүнд:
1. Монгол банкнаас бага хүүтэй зээл олгосон.
2. Мөн 2018 онд зургадугаар сард хууль бус зээл олгосон.
3. Австрали руу их хэмжээний мөнгө гаргасан хэргээр шалгаж байгаа юм байна. Манай АТГ-аас Австрали руу Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ явуулжээ.
Өмнө нь тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай нэр холбогдож байсан билээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд АТГ-аас төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтныг шалгажээ. Тэдгээрээс хоёр албан тушаалтаны зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд тэдэнд цалин бууруулах шийтгэл ногдуулсан байна.