Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг энэ оны 06 сарын 06-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Их хэмжээний бороо орсны улмаас тус замын тодорхой хэсэгт буюу доод Салхитын ам орчимд ус хуримтлагдан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, замд эвдрэл гарсан талаар нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржоос тодрууллаа.
– Зам эвдэрсэн шалтгаан нь юу вэ ?
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод Салхитын 1-16 тоотод оршин суугч Н.Мөнхбаатар үерийн ус зайлуулах хөндлөн хоолойг хааж, битүүлсний улмаас зам дээр нэлээд хэмжээний эвдрэл гарч, тус айлын хашаа руу ус орсон. Ус урсах хоолойг битүүлснээс болж зам дээр ус тогтоод тэр нь хашлагаа даван замын хөвөөг эвдэж, улмаар үерийн даланг урсгасан байдалтай байгаа юм. Өнгөрсөн 05 сард шар усний үерээс болж иймэрхүү байдал үүссэн. Бид тухайн үед иргэнтэй уулзаж шугам хоолойг битүүлэхгүй байхыг удаа дараа хүсч, хашаан дотор нь ус зайлуулах хоолой татаж өгье гэсэн ч зөвшөөрөөгүй. Энэ бол ганц айлын буруугаас болж үүссэн асуудал.
– Одоогоор ямар арга хэмжээ авч байгаа вэ ?
Одоогийн байдлаар айлын хашаан дотор суваг шуудуу татах түр арга хэмжээ авч байна. Нийслэлийн Авто замын газрын мэргэжилтнүүд болон уг замыг гүйцэтгэгч \”Эрдэнэ зам” ХХК-ийнхан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, яаралтай арга хэмжээ авч борооны ус зайлуулах лоткины нүх, сувагчлалыг онгойлголоо. Мөн урссан үерийн даланг нөхөн сэргээхээр ажиллаж байна.
Ганц айлын буруугаас болж асар их хөрөнгө оруулалтаар бүтээсэн зам эвдрэх байдалд хүрээд байна. Хашаан дотроо үерийн ус зайлуулах шугам хоолой татуулалгүй, замын инженерийн байгууламжийг битүүлээд байх юм бол улс орон, иргэдэд учрах хохирол нэмэгдэнэ шүү дээ. Иргэд хийсэн бүтээсэн зүйлийг дэмжиж, шаардлагыг хүлээн авч, нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Тухайн орчны 30 метр урт, 14 метр өргөнтэй газар ус тогтсон байсан. Үүнээс болж аваар осол гарах, далан нурах эрсдэл ихтэй.
Мөн нийслэлийн Онцгой байдлын газар айлын хашаа руу орж байгаа усыг зайлуулах арга хэмжээ авсан. Гүйцэтгэгч компани нөхөн сэргээлтийн ажлыг хийх бөгөөд эвдэрсэн шороон хэсэгт нөхөн дүүргэлт хийж, хоолойн гадна талын бетонон бэхэлгээг засах юм. Цаашид энэ үйлдэл дахин давтагдаж, ус зайлуулагчийг бөглөх юм бол шинэ барьсан замыг хашлагатай нь эвдэх нөхцөл үүсээд байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс