Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан жүдо бөхийн 2019 оны Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн барилдаанаар дуусч дүнгээ гаргалаа. 24 дэх удаагийн энэхүү уламжлалт тэмцээнд Ази болон Номхон далайн бүсийн нийт 39 улсын 286 жүдоч хүч сорьж аваргуудаа тодруулсан байна.
Энэхүү тэмцээнд Монгол улсын баг тамирчид ихээхэн амжилттай оролцсон бөгөөд багийн дүнгээр жүдогийн эх орны дараа жагсчээ. Жагсаалтыг 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн Япон улсын баг тэргүүлж, манай жүдочид 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалсан байна. Харин манай жүдочдын араас 2 алт, 3 мөнгө, 6 хүрэл медальтай БНСУ-ын баг, 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай БНХАУ-ын баг тус тус оржээ.
Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан болсон бөгөөд Монгол улсын баг Япон улсын багт ялагдсан ч, БНХАУ-ын багийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ингээд Узбекистаны жүдочдыг ялж тэмцээний хүрэл медалийг хүртэх эрхтэй болжээ.
Монгол улсын баг тамирчид тэмцээний дараа үргэлжлүүлэн БНХАУ-тай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд ирэх тавдугаар сард Баку хотноо зохион байгуулагдах Их дуулгад оролцохоор төлөвлөжээ.