Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тавдугаар сарын 3-8-ны өдрүүдэд тэмдэгдэн өнгөрүүлнэ. Энэхүү арга хэмжээний нээлтийг тавдугаар сарын 3-ны 11:00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд зохион байгуулах юм.
Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг билээ.
Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал” сэтгүүлийн хоёрдугаар улирлын дугаарыг “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж, уншигчдын хүртээл болгох юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Үндэсний номын сан.
Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим , “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд
Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам