\”Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд оруулсан талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр \”Монголчууд зарим мэдээллийг сонгуультай холбож сааруулаад байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийж байна. Өнөөдөр би Монгол Оросын хамтарсан \”Эрдэнэт\” үйлдвэрийг 100 хувь Монгол Улсын мэдэлд шилжиж байгааг зарлая\” гэсэн юм.
Тэгвэл дөнгөж сая Тусгаар Тогтнолын ордонд МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Су.Батболд мэдээлэл хийлээ. Ингээд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. \”Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн мөчийн өмнө хэвлэлийн бага хурал хийж \”Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монгол улсын Худалдаа Хөгжлийн банк, түүний төлөөний компани болох \”Монголын Зэс” компани хувьчилж авсан тухай мэдэгдлээ.
Маргааш УИХ-ын сонгууль санал хураалт явагдах гэж байгаа энэ эгзэгтэй мөчид Ардчилсан намын удирдлага, тухайлбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ийнхүү хувьдаа завших, луйвар хийж байгааг МАН эрс эсэргүүцэж, буруушааж байна. Худалдаа хөгжлийн банкыг УИХ-ын сонгуулийн 59 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Мэдрээ олон жил удирдаж байгааг олон нийт мэднэ. Монгол улсын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг МАН шаардаж байна” гэв.