Монголын улстөрийн хоёр дахь том хүчин гэгдэж байсан АН даргаасаа болж дотроо хэдэн хэсэг бутарч рейтингээрээ ч өндийхөөргүй болтлоо нэр хүнд нь навс унаад байна. С.Эрдэнэ дарга намаа ингэж хүчгүйдүүлсний хариуд гишүүд дэмжигчид нь нүүр буруулж намын гишүүнчлэлээсээ олноороо татгалзаж, өдөр бүр шахуу намын даргаа огцруулах тэмцэл өрнөж байна. Мөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талд зогсч тэдний гар хөл, нэг тал гэдэг байр сууринд бат зогссон нь утгаараа хасах оноо авч, намынхаа нэр хүнд, сөрөг хүчний сэрэмж сануулга,сүр хүчийг давхар салхинд хийсгэсэн юм. АН ингэж жирийн иргэдийн дунд байтугай гишүүд дэмжигчдийнхээ дунд нэр хүндээ алдаж,олон түмний ой санамжид бүдгэрч байгаа нь 2020 оны сонгуульд АН-ын харагдах бараа, мэдрэгдэх үнэлэмж хэр байх бол гэсэн асуултыг араасаа дагуулж эхэллээ.
Цаашдаа АН-ын дотрох зодоон улам бүр ширүүсч С.Эрдэнэ дарга хүзүү сээрээрээ хэлхэлдсэн Ц.Элбэгдоржтойгоо хоёул үлдэх үү С.Эрдэнийг үтэр түргэн АН-ын даргаас буулгах уу гэдэг тэмцэл хүчтэй өрнөхөөр байна. С.Эрдэнэ улстөрчийнхөө хувьд ч хувь хүнийхээ хувьд ч таагүй намтар түүхтэй нэгэн. Тэрээр Нийгмийн даатгалын сангийн мөнгийг гувчуулсан, нас барагсдын нэрээр нийгмийн даатгалын сангаас асар их хөрөнгө завшсан гэх явуургүй нэртэй. Энэ хэргийг нь шалгаж эцэлэдэг шүүх,прокурор монгол улсад байдаггүй. Учир нь монголын шүүх,прокурорыг атгандаа байлгадаг Ц.Элбэгдоржтой зузаан гэгч нь холбогдчихсон гэлцдэг.
Хамгийн харамсалтай нь С.Эрдэнэ ардчилсан намын байр сүндэрлэх газрыг анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв болгох нэрээр авсан байдаг. Гэтэл өнөөдөр тэр газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв” бус С.Эрдэнийн хувийн өргөө болж хотын А зэрэглэлийн бүсэд С.Эрдэнэ ван өөрийн гэсэн тодотголтой бүх байгууллагуудаа тус тауртээ нэгтгэн тухалж суугаа. Тодруулбал Шонхор тауэрын 1-р давхарт хамар цоргим анхилуун үнэртэй кофе шоп ажиллана, 3-р давхарт зоогийн газар, харин 4-р давхарт “ Төгс эрдэм сан” гэх төрийн бус байгууллага, Архангай аймгийн Хайрхан сумын нутгийн зөвлөл, С.Эрдэнэ өөрөө хайрхан сумынх мөн түүний тэргүүлдэг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, тавдугаар давхарт Ардчилсан хүчний холбоо нь, Ардчилсан залуучуудын холбоо, зэргээр өөрийн эзэмшлийн бүх байгууллагуудаа нэг дор төвлөрүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашгийг уландаа гишгэж тэдний нэрээр ашиг хонжоо, өөрийн бизнесээ зузаатган яваа юм.
Түүнчлэн Баянгол дүүргийн “ван” буюу эзэн нь болтлоо тус дүүргийг өмчилж,өөрийн хүрээллээ насан туршид нь ажиллах ажлын байраар хангасан С.Эрдэнэ одоо АН-ыг өөрийн хүрээллээрээ дүүргэж, үг сөрсөн хэнийг ч намаасаа хөөдөг зарчмаар ажиллаж байна. Улстөрч хүний хувьд төр иргэний гүүр болж улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, хүн ардынхаа сайн сайхны төлөө ажиллах ёстой байтал авилга хээл хахуулыг өөхшүүлж, дээрэм тонуулд хамтарч, ард түмний өмчийг хулгайлагчидтай түрийвч нэг ажиллах нь С.Эрдэнийн имиж болоод удаж байна.