АНУ-ын газар тариаландаа ашигладаг бордоо, хортон шавжтай тэмцэх хор нь байгаль орчинд хортой тул тус улсаас төмс импортлохыг хориглох шийдвэр гаргасан гэж Мексикийн Холбооны шүүхийн зөвлөлөөс мэдээллээ. Төмсний тариалалт голлодог Синалоа мужийн Лос Мохис хотын шүүхээс Мексикийн Хөдөө аж ахуйн яамнаас баталсан хориотой 63 төрлийн шавж устгалын хорын жагсаалтад үндэслэн хориг тавиулах хүсэлтийг анх гаргасан юм байна. Тэгтэл АНУ-аас нийлүүлдэг төмсний шинжилгээгээр дээрх жагсаалтад хориотой хор илэрсэн тул хүний эрүүл аж төрөх, эрүүл хүрээлэн буй орчинд амьдрах эрх, хүнсний аюулгүй байдлыг зөрчсөн тул хорих нь зүй гэж үзжээ. Албан ёсны тоон баримтаас харахад АНУ-аас 2015 онд 122796 тонн төмс импортолсон бол энэ оны нэгдүгээр сарын дөрөвдүгээр сарын хооронд 36516 тоннийг импортолсон байна. Харин Мексик улсын хувьд жилд 1.6 сая тонн төмс тарьж, ургуулдаг аж.