Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсаныг амиа алдсан байдалтай байгааг анх олж харсан хүн болох УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр мэдээллийн эхэнд Г.Батхүү агсаныг амиа алдсан явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж талийгаачийн ар гэрийнхэнтэй ярьж зөвшөөрөл авсан болон шүүх, цагдаагийн байгууллагаас дүгнэлт нь гарч байгаа, сэтгүүлчдэд үнэн зөв мэдээлэл өгөхийн тулд энэ талаар ярихаар болсноо мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Миний өрөө 111 тоот буюу хэрэг болсон газрын наад талын өрөө. 18.00 цагийн үед УИХ-ын чуулган тараад, хүмүүстэй уулзаад гарч байхдаа хэрэг учралтай таарсан. Би өөрөө хуульч хүн учраас, 20 гаруй жил эрүүгийн хэрэг учралын хавтаст хэргийг үзэж, иймэрхүү хэргийг харж байсан учраас тухайн үед авах ёстой зохих арга хэмжээнүүд юу байх вэ гээд шийдвэрүүдийг гаргасан.
Төрийн ордон бол хуультай, төрийн тусгай хамгаалалттай газар бөгөөд Тагнуулын ерөнхий газрын харьяанд байдаг. Тиймээс ТЕГ-ын зохих удирдлагуудад мэдэгдсэн. Хоёрдугаарт, уг хүн нь амь насаа алдсан эсэхийг тогтоох ёстой. 103 буюу эрүүл мэндийн байгууллагаас ирээд амь насаа алдсан байна, зохих газруудад мэдэгд гэсэн учраас нөхцөл байдлыг баримтжуулаад цагдаагийн байгууллагад өгсөн.
Гадны нөлөөтэй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно” хэмээн мэдэгдлээ.
-Дуу чимээ гарахыг та сонссон уу?
-Манай өрөө хоёр давхар хаалгатай учир дуу чимээ сонсогдох ямар ч боломжгүй.
-Хэдэн цагт та дуудлага өгсөн бэ?
-Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүйн тулд цаг, минутыг хэлэх боломжгүй.
-Та тухайн үед талийгаачийг хараад шууд таньсан уу?
– Толгой орчимд нь нэлэнхүйдээ цус болчихсон, хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед агсны толгой орчим бүхэлдээ цус болж, хамар, амнаас нь цус гарсан байсан учраас Г.Батхүү агсныг гэж анзаараагүй, мэдэх боломж ч байгаагүй.