АН-ын дарга С.Эрдэнэ МАНАН бүлэглэлийн хамсаатан гэгддэг төдийгүй УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах чуулганы хуралдааны үеэр ил цагаан цээжээрээ хамгаалж үүнийгээ ч нотолж харагдсан. Түүнийг “сахал” Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж, М.Энхболд нартай үй зайгүй найзууд гэдэг бөгөөд тэдэнтэй түрийвч нэг ч гэж хэвлэлүүдэд бичигддэг.
Өчигдөр Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэх асуудалд холбогдсон Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг харьяа дүүргийн прокурорын газраас яллагдагчаар татаж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдан хорих эсэх талаар шүүх хуралдаан болсон. Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргасан байгаа юм. Үндсэндээ 49 хувийнхан хэргийг шүүхийн шатанд замхруулах ажилдаа онцгой анхаарал хандуулсан бололтой байна. Тэр ч бүү хэл энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олон нийтэд мэдээлэл цацуулахгүй байх бүх талын арга хэмжээг авсан гэх мэдээлэл ч чих дэлслээ. Тодруулбал, Худалдаа Хөгжлийн банкны хэвлэл мэдээллийн албанаас бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ хийж мөнгөөр 4 дэх засаглалынхны амыг таглаад амжсан бололтой.
Энэ үйл явцтай хамжигч гэж харагдахуйц үйл явдал бас өчигдөр болсон нь МАНАН бүлэглэлийн хамгаалагч С.Эрдэнэ сандарч мэдээлэл хийн бүтэн сарын турш жагсаал хийнэ хэмээв. С.Эрдэнийг уг нь том намын дарга, том улстөрч гэж бодож байтал тэрээр ердөө л сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нарт үйлчилдэг жижигхэн утсан хүүхэлдэй байж. Эх орноо тонон дээрэмдсэн, авилгач нөхдийг өмгөөлж тэднийг өөгшүүлэх АН-аас хийх жагсаалд иргэд итгэл үнэмшлээрээ, олноороо оролцоно гэдэг юу л бол…
Үнэхээр улс орныхоо төлөө, ард түмнийхээ эрх ашгийг бодож жагсаал хийнэ гэдэг нь бас л эргэлзээ дагуулж байна. С.Эрдэнэ ээжийнхээ нэр дээр хүүхдийн “Найрамдал” зуслангийн газруудыг авчихсан гэгддэж байгаа. Бүр тэр газар дээрээ барилга бариад өөрийн хэтэвчээ зузаатгаж яваа юм билээ. С.Эрдэнэ ард түмний төлөө жагсах гээд байгаа бол монголын ирээдүй болсон хүүхдүүдийн өмчийг хувьдаа булаадаг луйвраа эхлээд зогсоох ёстой.
Хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээр хүртэл тохуурхаж тэдэнд зориулж үйл ажиллагаа явуулах барилга барих нэрээр хүүхдийн паркийн газрыг аваад өнөөдөр тэнд нь АН-ын байр, С.Эрдэнийн хамаарал бүхий ашгийн төлөө аж ахуй нэгж байгууллагууд байрлаж, эзэмшиж, ашиглаж, ашгаа ч өөрсдөө авч суугаа.
Ийм гэмт үйлдлүүдтэй атлаа шударга дүрд хувирч эх орон ард түмний төлөө ажиллаад байгаа мэт хуурамч дүр эсгэн жагсаал цуглаан хэмээн сахал Д.Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж нараа хамгаалах улстөрийн шоу хийхээр сандарч явна…