Зуны дэлгэр цаг аль хэдийн айлчлан ирж улаанбаатарчууд маань нэг хэсэг уртын харайлтаар хичээллэцгээсэн бол одоо харин сэрүүн, сүүдэр газар эрж хайх төлөвтэй байна. Харин хөдөө орон нутгийнхан маань хур борооны үр шимээр зуншлага сайхан боллоо хэмээлцэн наадмын бэлтгэлдээ гарцгаажээ.
Энд тэндэхийн наадмуудын тов байтугай хөтөлбөр нь ч ил болж хэн хүнгүй л нутгийнхаа наадмыг зорих үгүйдээ л гэхэд зуслангаа бараадах төлөвлөгөөгөө аль хэдийн гаргаа биз ээ. Хэрвээ та төлөвлөгөөгөө нэг бүрчлэн гаргачихсан бол дахин нэг нягтлах, гаргаагүй бол жагсаалтандаа нэмж болох нэг санааг бид танд танилцуулж байна. Энэ бол бидний тэр бүр анзаараад байдаггүй, авч яваад байдаггүй хэрнээ хамгийн чухал гэдгийг нь хүн бүр мэддэг ном юм.
Зун бол тэр чигтээ амралт бус завгүй мэт хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг олгодогоороо хамгийн сайхан улирал билээ. Ингээд өөртөө цаг зав гаргаж, зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдохоор шийдсэн та бүхэндээ зориулан дараах номуудыг бид санал болгож байна.
1.Бодит байдлын ид шид
Хамгийн эхэнд санал болгох ном маань \”Бодит байдлын ид шид хэмээх ном. Яагаад гэж үү? Хариулт нь тун энгийн өдөр тутмын хийгээд зарын сонингууд, сошиал медиад нэмэгдэнэ үү гэхээс хасагддаггүй зарууд, эх сурвалж нь тодорхойгүй нийтлэлүүд гэж байдаг. Хүмүүс үнэн худлыг нь мэдэхгүй хэрнээ бие биендээ түгээж нөгөө сонссон хэсэг нь авч хэрэглэснээр эрүүл мэндээ ч хохироох аюулд хүрдэг тийм зүйл.
Жишээ нь цуу ярианд итгэн хүүхэддээ 70 ширхэг хорхой залгиулснаас болж эмнэлэгт хүргэгдсэн тухай харамсалтай мэдээг та бүхэн сонссон ч байж болно. Энэ мэтчилэн шинжлэх ухаанаар батлагдаагүй олон зүйлийг ашиглан, хүмүүсийн итгэл үнэмшилээр тоглодог хүмүүс манайд өчнөөн олноороо байна. Энэ ном тэр бүхнийг нэг бүрчлэн тайлбарлаж өгөхгүй ч танд олон зүйлсийг үнэнийг, жинхэнэ учир шалтгааныг тайлбарлаж өгөх болно.
2.Франц хүмүүжлийн нууц: bebe өсгөхүй
Дараагийн номоо эцэг, эхчүүдэд зориулж байна.
Та эцэг, эх гэдэг ойлголтыг юу гэж хүлээж авдаг вэ? Эцэг эх болсноор ямар ямар үүрэг, хариуцлага нэмэгддэг вэ? Үр хүүхэд нь идэх хоол, өмсөх хувцастай л байвал болно хэмээн өдөр шөнөгүй зүтгэх бидний сэтгэлгээ хэр үр дүнтэй вэ? Энэ бүхний нууцыг америк сэтгүүлч Памела Дракерман танд зориулан нээж байна.
Жишээлбэл эх хүн байх гэдэг ойлголт францчуудын хувьд тэс өөр утга илэрхийлнэ. Хамгийн сайн франц ээж ч хүүхдийнхээ төлөө нойр, хоолгүй зүтгэх шаардлагагүй гэж үздэг бөгөөд үүндээ гэмших нь үгүй. Мөн франц ээж аав нар цөөн хэдэн зүйлд маш хатуу ханддаг боловч бусад ихэнх зүйлсэд тун уужуу тайвуу ханддаг. Энэ мэтчилэн олон нууцыг та энэхүү номноос мэдэж аваарай.
3.1Q84 (3 боть)
Унших ном болгон тань бүхнийг заасан сургаалийн шинж чанартай байж болохгүй шүү дээ. Амарч зугаалангаа уран зохиолын ном уншихгүй бол утгагүй хэрэг болно.
Тиймээс Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт \”1Q84” цуврал романыг танд санал болгож байна.
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн \”Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн хэмээдэг бөгөөд үүнээс гадна өөрт нь ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чадсан хэмээн уншигчид дүгнэдэг
4.Зуун жилийн ганцаардал
Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал эсвэл зүүдний аль нь мэдэгдэхээ болих эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын нэг бөгөөд тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ.Энэхүү алдарт бүтээлийг та энэ зун амжиж уншаарай
5.Баатар
Та бусдаас онцгой. Хэн болж, юу хийж бүтээхийн төлөө энэ ертөнцөд ирсэн шалтгаан чинь бусад долоон тэрбум хүний хэнтэй нь ч давхцахгүй. Танд өөрийн гэсэн амьдрах ёстой амьдрал, замнах ёстой аян зам бий. Энэ ном танд тэр аян замын тухай өгүүлнэ.
Өнөөдөр бидний дунд амьдарч яваа, дэлхийн хэмжээнд амжилттай хүмүүсийн төлөөлөл болох арван хоёр хүн гайхамшигт аяллынхаа түүхийг тантай хуваалцаж байна. Туйлын мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай бүх зан чанар бидэнд төрөлхөөс заяагдсан байдаг бөгөөд тийнхүү мөрөөдөлдөө хүрснээрээ бид амьдралынхаа зорилгыг биелүүлж, хорвоог өөрчилдөг болохыг та тэдний түүхээс харах болно.
6.Хайрлах урлаг
Зөвхөн энэ зун ч гэлтгүй таны заавал унших номын жагсаалтанд байх ёстой ном бол \”Хайрлах урлаг”. Гэхдээ та энэ номноос хайрын тухай, хэрхэн хайраа илчлэх тухай бэлэн жор хүлээгээд хэрэггүй.
Уг номын зохиогч Эрих Фромм хайрыг зүгээр гэнэт учирдаг тэгээд л өөрөө цаашааүргэлжлээд явдаг мэдээжийн үйл явдал биш гэдгийг анхааруулж, хайранд зөв сайн суралцаж чадвал хүнийг хайрлах болохоос биш хэмээсэн байдаг.
Мөн суралцаагүй хүний хайрыг жинхэнэ хайр биш гээд үүнийгээ олон жишээ болон онол дээр тулгуурлан батлан харуулсан байна. Энэ ном гарсан цагаасаа хойш 60 гаруй жилийн дотор олон сая хувиар хэвлэгдэж, 40 орчим хэлээр орчуулагдаад байна.
7.365 үдэш
Хүмүүний амьдралын эх үндэс чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүн нэгээхэн ч үгүй билээ. Энгийнээр тайлбарлавал та хүүхэддээ хэрхэн хандана. Хүүхэд тань ирээдүйд тийм л хүн болно гэсэн үг. Тиймээс танд 365 үдшийг хүүхэдтэйгээ хамтдаауншиж, хамтдаа мөрөөдөж, хүүхдийнхээ оюун ухааны өсөлт хөгжилтөд анхаарахад тань дэм болох зорилгоор энэхүү номыг санал болгож байна.Таны халуун дулаан хайрыг мэдрэн, танин мэдэхүй, уран сэтгэмж, үлгэр домгийн ертөнцөөр хамт аялах бяцхан үрийнхээ баяр баясгалан гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү аз жаргал бий гэж үү.
8.Монгол нүүдэлчдийн тайлбар толь (2 боть)
Монголчуудын зан заншил, соёл уламжлал, хоол хүнсний өвөрмөц онцлог, ахуй амьдарлын хэв маяг, тэдгээрийн учир зүйг цогцоор нь агуулсан бүтээл.
Монгол хүмүүс бидний ихэнх нь зун болмогц байгалийн сайхныг мэдэрч, нүүдэлчин соёл ахуйдаа ойртохоор эх орныхоо аль нэг зүгт аялал амралтаа төлөвлөдөг. Харин энэхүү ном нь аялал болон амралтын тань хөтөч байх болно.
9.Гэрэл зураг сонирхогчдод зориулсан гарын авлага
Аялал зугаалгын салшгүй нэг хэсэг бол гэрэл зураг. Тиймээс бид танд дараах номыг санал болгож байна.
Мэдээлэл, заавар, тэмүүллээр дүүрэн энэ ном таны зургийн аппарат юу хийж чадах болон түүнийг хэрхэн ашиглахыг тайлбарласан тул анхан шатны гэрэл зураг сонирхогчдын сайн нөхөр болж чадна. Мөн та уран сэтгэмжээ ашиглан өөрөө шийдвэр гаргаж зураг авах нь хэр таатай болохыг мэдрэхээс гадна зургаа хүссэнээрээ өөрчилж чаддаг болно. Энд энгийн фокуслахаас эхлэн нүд булаам тусгай эффектүүдийг хэрхэн бий болгохыг алхам алхмаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
10.Сонсдог номууд
Их ажлын дараа гэртээ ирж алжаал тайлан амарч суухдаа, тогтуун сайхан өглөө гүйж явахдаа, гудамжинд хөмсөг зангидсан харагдах олон хүний дунд явсаар залхсан бол та оюун ухаант, соёлт хүн төрөлхтөн туурвиж, өдгөө цагийн бидэнд иртлээ олон зууныг дамжсан сонгодог зохиолын сонсдог номыг шимтэн чагнаарай.
Хэрэв тантай олны хөлийн дунд чихэвч зүүж, инээмсэглэн алхах нэгэн таарвал тэр хүн яг энэ бүтээлийн амтанд орчихсон яваа нь тэр ээ.