БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Сэлэнгэ аймагт ажиллажээ. Тэрээр тус аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, соёлын ажилтан, уран бүтээлчид, дасгалжуулагч, тамирчидтай хийсэн уулзалтынхаа үеэр Монгол Улсын Засгийн газар хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсэд онцгойлон анхаарч, үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Үүнийхээ хүрээнд энэ жил 290 жилийн ой нь тохиож буй Алтанбулаг суманд орших Сэлэнгэ аймгийн түүхийн музейд их засвар хийх санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаа мэдэгдлээ.
Тус музей нь 1948 онд байгуулагдсан бөгөөд 1960 онд Орон нутаг судлах кабинет, 1968 онд Сэлэнгэ аймгийн орон нутаг судлах музей болон өргөжин тэлсээр 2004 онд Сэлэнгэ аймгийн төвд байсан музейг Алтанбулагийн музейтэй нэгтгэн аймгийн Нэгдсэн музей болгожээ. Ингэж нэгдэхээсээ өмнө Улаанбаатар хотын Ардын хувьсгалын музейн салбар байсан юм.