Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ амжилттай үргэлжилж байна
Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг тоглож байгаа бөгөөд өчигдөр шөвгийн наймд тоглох багууд бүрэн тодорлоо. Тэмцээний шөвгийн наймд Монгол, Укриан, Турк, ОХУ, Румын, АНУ, Аргентин, Итали гэсэн найман улсын баг шалгаран үлдсэн байна.
Монгол Улсын эрэгтэй баг “С” хэсэгт АНУ, Гүрж, Латви, Беларус улсын багтай багтсан бөгөөд хэсгээс АНУ-ын дараагаар хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд үлдлээ. Тэдний хувьд өчигдөр хэсгийн хоёр тоглолт хийсэн бөгөөд Гүржийг 18-16-аар хожиж, АНУ-ын багт 20:10-аар хожигдлоо. Ингэснээр гурван хожил, нэг хожигдолтойгооор шилдэг наймд үлдсэн юм.
Өнөөдөр шигшээ наймын тоглолт “С” хэсгийг тэргүүлсэн АНУ-ын баг “А” хэсгийн Италийн багтай, Монгол улсын баг “А” хэсгийг тэргүүлсэн Туркийн багтай тоглох тоглолтоор эхлэх юм. Энэхүү тоглолтууд өнөөдөр 13:00 цагт эхлэхээр товлогджээ.