Өчигдөр Монгол улсын сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны хөвгүүдийн баг хэсгээсээ шалгарч үзэгч олноо баясгасан бол хөлбөмбөгийн ногоон талбайд бас нэгэн гайхалтай хожлыг байгуулж хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийн сонгон шалгаруулалтын эхний шатанд Монгол улсын үндэсний шигшээ баг Брунейн шигшээ багтай тоглолоо.
Хоёр багийн тоглолт эхлээд удаагүй байхад 11 дэх минутанд багийн ахлагч, зүүн жигүүрийн хамгаалагч Н.Цэдэнбал торгуулийн цохилтоос гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан байна. Хоёр баг нэгдүгээр үед дахин гоол оруулж чадалгүйгээр өндөрлөжээ.
Хоёр багийн тоглолтын хоёругаар үеийн 69 дэх минутанд хагас хамгаалагч А.Нармандах сэлгээнд сууж, түүний оронд Ж.Сүндорж талбай орж ирсэн юм. Манай багийн энэхүү сэлгээнээс хэдхэн секундын дараагаар баруун жигүүрийн хагас хамгаалагч С.Ганхуягийн дамжуулалтаар довтлогч Н.Наранболд гоол оруулж тоглолтын цэгийг тавилаа.
Ийнхүү хөлбөмбөгчид маань хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө нэгэн гайхалтай хожил байгуулсан бөгөөд хоёр багийн хариу тоглолт Брунейн талбайд болох юм.