Мьянмар улсын Мандалая хотноо зургаадугаар сарын 9-19 хооронд зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Элит Брайн” олон улсын шатрын академийн сурагчид, ерөнхий дасгалжуулагч Их мастер А.Энхтуул нар өндөр амжилт гаргажээ.
Тэмцээний 6 хүртэлх насны ангилалд Н.Энхрийхэн стандарт буюу классик төрөлд хоёрдугаар байр, А.Энэрлэн рапид төрөлд нэгдүгээр байр эзлэн Монгол Улс Зүүн Өмнөд Азийн аварга болон дэд аваргатай болсон байна. Түүнчлэн манай сурагчид багийн амжилтаар 2 болон 3 дугаар байрт шалгарч, энэ удаагийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан байна.
Мөн энэхүү тэмцээний түргэн тоглолтын төрөлд оролцсон дасгалжуулагч багш, ОУ-ын Шатрын Их мастер А.Энхтуул тэмцээний алтан медалийг зүүж, өөрийн түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулжээ.
Тэмцээний нээлтийн үеэр манай шатарчид Мьянмар улсын сайд ноён Миянт Хтвэ -тэй уулзсан бөгөөд тэмцээний нээлтийн анхны нүүдлийг сурагч С.Эгшиглэн нүүсэн нь онцлох үйл явдал болсон юм.