БНПУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын “Монгол наадам” баяр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 дахь жилдээ Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд амжилтай зохион байгууллагдлаа. “Монгол наадам” баярын үйл ажиллагааг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллав. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа наадмын арга хэмжээг нээж, үг хэлэв.
Польш улсын өнцөг булан бүрээс ирсэн 280 гаруй монголчууд болон суугаа орны иргэд идэвхтэй оролцож, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх үйл ажиллагаанд нэгэн өдрийг хамтаа өнгөрүүллээ. Наадмын арга хэмжээнд хүчит бөхийн барилдаан, монгол шагайн харваа, хүүхдийн модон морины, гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа. Үүний зэрэгцээ наадмын талбайд хуран цугларсан наадамчин олондоо боорцог, хайлмаг, ааруул, шарсан хавирга, хуйцаа, “наадмын” хуушуур гэх мэт монгол үндсэний хоолоор үйлчиллээ.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнуулсан Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь баяр наадмын арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн ”Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, оюутан залуучууд, хүүхэд багачууд, Польш дахь Монголчуудын холбоо идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсыг польшийн ард түмэнд таниулан дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.
.