Засгийн газрын хуралдаанаас “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллыг борлуулах бүрэн эрхийг хотын захиргаанд өгсөн билээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнгөрөгч мягмар гарагийн хуралдаанаараа “Түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ыг батлах асуудлыг хэлэлцэж, зөвлөлийн саналыг нэгтгэн НИТХ-ын тэргүүлэгчдэд өргөн барихаар болжээ.
Тус хуралдаанаас нийт орон сууцны 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд түрээсийн орон сууцын журмаар, 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгож, харин үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлт, дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд зориулан олгох санал боловсруулсан болохоо Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцууллаа.
Энэхүү журам батлагдсанаар анх удаа орон сууцыг түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилалын квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг орон сууцаар хангах боломж бүрдэх аж.
Энэ талаар “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодруулахад, “Журмын төсөл одоогоор танилцуулагдаж байгаа. Эхний ээлжид таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэйгээр төлөх санал хүргүүлээд байгаа. Хэрэв хүү буурсан тохиолдолд түрээсийн орон сууцанд орж байгаа хүмүүст очих санхүүгийн дарамт буурах боломжтой гэж үзэж байна.
Цахим бүртгэл ирэх долдугаар сарын 22-нд эхлэнэ. Бүртгэл дууссаны дараа сонгосон шалгуурт үндэслэж иргэдийг хамруулна. Бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулалтаар сонгох уу, сугалаагаар сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Тухайлбал, сонгон шалгаруулалтаар явууллаа гэхэд сонгон шалгаруулалт шилэн, нээлттэй ил тод байх бөгөөд нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргээс хамаарч нэн шаардлагатай айлуудыг эх оруулна” гэсэн юм.