Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч, хатагтай Бу Шяолин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа ӨМӨЗО-той худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Шадар сайд илэрхийлэв. 2018 онд 8.4 тэрбум ам.долларт хүрсэн худалдааны эргэлтийн хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэхэд ӨМӨЗО чухал хувь нэмэр оруулна гэж үздэгээ мөн цохон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах зэрэгт анхаарч байгаагаа ч хэлсэн юм.
Энэ оны зургаадугаар сард гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг УИХ-аар батлуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж байгааг хэлэв. Цаашид Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрүүлж байгаа нүүрсний хэмжээг бууруулахгүй байх, нэмүү өртөг шингэсэн нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх санал гаргасан юм. Мөн Шивээхүрэн-Сэхээ боомтоор жилд 25-30 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдсэн учир боомтуудын хүчин чадлыг дээд зэргээр ашиглах чиглэлээр хамтран ажиллахыг хүсчээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүх түвшин, бүх салбарт амжилттай хөгжиж байгааг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Тэргүүлэгч Бу Шяолин тэмдэглэж, Эрээн, Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах төслийг үлгэр жишээ бүтээн байгуулалт болгохын төлөө ӨМӨЗО өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгийг онцлосон юм.
Уулзалтаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэг, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбар болон хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах талаар ярилцлаа.