Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөх саналд Ерөнхийлөгч зарим талаар санал нийлэхгүй байгаагаа өчигдөр илэрхийлсэн. Үүнд МАН-ын зүгээс доорх тайлбарыг хийж байна.
Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг чиг үүргийн буюу бодлогын яам болгосон нь аль улсын хөгжлийн үндэс хөдөлмөр, нийгэм байдаг гэж үзсэнтэй холбоотой аж. Ажил хөдөлмөр нь эдийн засгийн хөгжлийн түлхүүр, хүний амьдралын баялаг хэв маягийн баталгаа байдаг бөгөөд энэ утгаараа Хөдөлмөр, нийгмийн яамыг бодлогын яам болгох ёстой МАН-ынхан үзэж байгаа юм. МАН бол зүүний чиглэлийн нам. Зүүний чиг баримжаатай намууд нь хөдөлмөр, нийгмийн баримжаатай бодлого түлхүү барьдаг, эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулдаг зүй тогтолтой. Тэр утгаараа МАН-ын Засгийн газрын гол бодлого хөдөлмөр, нийгмийн салбарт хэрэгжих юм байна.
Хоёрдугаарт, Аж үйлдвэрийг яамыг салгаж, хоёр яамтай нэгтгэсэн нь ач холбогдлыг нь бууруулаагүй гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Уул, уурхай, хүнд үйлдвэрлэл дээр түшиглэн улс орны эдийн засаг хөгждөг гэдэг үүднээс Аж үйлдвэрийн яаманд харъяалагдаж байсан хүнд үйлдвэрийн бодлогыг уул уурхайн бодлоготой нэгтгэж, хамтад нь хөгжүүлэх МАН-ын бас нэгэн бодлого гэж хэлж болно. Нөгөө талаар хүнсний үйлдвэрлэл нь хөнгөн үйлдвэрт ордог. Энэ утгаараа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг хамтад нь нэг яамд харъяалуулах нь харин ч эдийн засгийн хувьд зөв шийдвэр байж болох талтай.
Гуравдугаарт, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хийсэн өөрчлөлт гэж МАН байр сууриа хамгаалж байна.