Сүхбаатар аймгаас төрөн гарсан авьяаслаг зураач урчуудын “Тал нутгийн өнгө” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн өчигдөр /2019.07.29/ 17 цагт Монголын Урчуудын Хорооны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд ахмад зураач МУЭ-ийн гишүүн, зураач Ё.Бадарч, Б.Гантулга, Б.Буд, Я.Адьяа, Ж.Дүүрэнтөгс, уран дархан Ш.Даваадорж, Баатарчулуун болон одоо ид бүтээн туурвиж байгаа залуу үеийн төлөөлөл болох Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхтайван, МУЭ-ийн шагналт зураач М.Эрдэнэбаяр, Д.Булгантуяа, Д.Батзориг, Н.Амарсайхан, Д.Амараа зэрэг 40 орчим авьяаслаг уран бүтээлч шилдэг уран бүтээлээрээ оролцож, уран зураг, уран баримал, монгол зураг, ваар урлал, сийлбэр, уран дархан, уран бичлэг, чимэглэх урлагийн төрлөөр туурвисан нийт 60 орчим бүтээлээ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.
Сүхбаатар аймгийн зураач, урлаачид анх 2011 онд тус аймгийн соёл, урлагийн өдрүүдээр нийслэлчүүдэд уран бүтээлээ танилцуулж байсан. Түүнээс хойш найман жилийн дараа ийнхүү Сүхбаатар нутгаас төрөн гарсан авьяастнуудын бүтээлийн дээжийг нийслэлчүүд таалан соёрхох боломж нээгдэж буй нь энэ. Үзэсгэлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Тал нутгийн өнгө”-ийг толилуулах үеэр нэгэн номын хурим болсон нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очирын шүлэг, найраглалын түүвэр болох “Морин шуурга”. Энэхүү түүвэрт шударга ёсны ташуурын далайлттай шүлэг найраглал, захидал, нийтлэл, ярилцлагууд нь багтсан байна. Тэрбээр номынхоо талаар “Би Монголын улс төрийн 30 жилийн үйл амьдралыг яруу найраг, гоозүйн хэлээр, яруу найрагчийн энэлэн шаналанг нэгтгэж бичсэн. “Морин шуурга” бол тэнгэрийн шуурга биш, тэнэгүүдийн шуурга юм. Нийгмийнхээ 30 жилийн шуургыг үгээр зурлаа. Морио чононд идүүлж байхад зүгээр хараад сууж байдаг малчин байдаггүй шиг, Монголоо нохойд тасдуулж байхад би “хаая хүүе” гэхгүй бол болохгүй. Тиймээс Монголын их төрийг ариусгах “Морин шуурга” гэж ном бичсэн. Морин шуурга Монголыг аварахаар исгэрч байна.” хэмээн өгүүлсэн юм. Сэтгүүлч, найрагч гавьяат маань уран зураг, тэр дундаа таталбар зурагт гаргууд нэгэн. Тиймдээ ч номын баярт ирсэн зочдодоо зориулж, найман шарга морийг таталж зурсан нь үнэхээр сонирхолтой үзүүлбэр боллоо.