Тайландын Бангкок хотноо сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн нээлттэй тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд 37 орны 258 тамирчин хүч, авхаалж самбаагаа сорьсноос манай ширэн бээлийтнүүд гурван медаль хүртсэн байна.
Монгол улсын Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-ын жинд түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Тэрээр мөн энэ жиндээ өнгөрсөн жил Ази тивийн аварга болсон билээ.
Үүнээс гадна тэмцээний 64 кг-ийн жинд тоглосон Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чинзориг, 52 кг-ийн жинд тоглосон “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхмандах нар хүрэл медаль хүртсэн байна.
Энэ удаагийн Бангкокын нээлттэй тэмцээн нь ирэх есдүгээр сард ОХУ-д болох ДАШТ-ийн сорилго болж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.