УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэхүү хуулиар Засгийн газрын бүтцэд Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг үндсэн чиглэлийн яамаар тооцон баталжээ. Энэхүү хуулиас өмнө Батлан хамгаалах яамыг чиглэлийн яам хэмээн хуульчилсан байсан юм. Харин бусад яамдын хувьд чиглэлийн яам хэмээн хэвээр үлдээн баталсан байна. Энэ орчлонгийн оройн дээд нь тусгаар тогтнол байдаг. Эх орны бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, тусгаар тогтнол хариуцдаг салбарынхны хувьд үндсэн чиг үүргийн яам байх ёстой гэдэг шаардлагыг бүх цаг хугацаанд хууль тогтоогчдод сануулж байсан юм.