Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Унгарын Хөлбөмбөгийн Холбоо хамтран “Пушкаш академи”-д дөрөв дэх жилдээ Монгол хүүхдүүдийг хичээллүүлэх гэж байна.
Энэ жил тус академийг “Хараацай” клубийн 16 насны багийн тоглогчид болох Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар зорих эрхтэй болжээ. Сонгон шалгаруулалтыг МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси, хүүхэд залуучуудын хөлбөмбөг хариуцсан мэргэжилтэн Растислав Бозик нар “МХБХ-ны элит академи”-ийн хүүхдүүдийн дунд явуулсан юм.
Өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар тоглогч Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нарыг гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан “Пушкаш академи”-д суралцах гэрээг байгуулж, сурлага хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтад нь амжилт хүслээ. Мөн төрүүлж өсгөсөн эцэг эх, хөлбөмбөг зааж сургасан багш сурган хүмүүжүүлэгч нарт нь талархал илэрхийлэв.
Э.Саруулбуян, Г.Буяннэмэх нар нь “Пушкаш академи”-ийг зорьж буй монголын 9, 10 дахь хөлбөмбөгчид болж байгаа юм. 2016 онд Г.Ганбаяр, Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, 2017 онд А.Дөлгөөн, П.Ууганбаяр, 2018 онд Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ гэсэн залуу хөлбөмбөгчид Унгарыг зорьж байлаа.
Эдгээр хөлбөмбөгчид одоо насныхаа шигшээ багт дуудагдаж, үндэсний дээд лиг, нэгдүгээр лиг гэх мэт МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож буй. Харин Г.Ганбаяр “Пушкаш академи”-тай мэргэжлийн гэрээ байгуулан тоглож байгааг хөлбөмбөг сонирхогч нар мэдэх билээ.