“Буянт-ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалттай холбогдуулан нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.09/ мэдээлэл хийлээ.
НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:
“Сонгон шалгаруулалт өчигдрөөс явагдаж эхэлсэн. Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдсан.
Харин залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4082 хүн бүртгүүлсэнээс 58 иргэн түрээслээд өмчлөх боломжтой боллоо. Эдгээр иргэд цахимаар илгээсэн мэдээллээ батлах бүх материалаа эх хувиар авчирна. Хэрвээ буруу, зөрүү мэдээлэлтэй бол хар жагсаалтад орж, дараагийн хүн нөхөж орно. Тус ангилалд сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1356 гаруй иргэн хасагдсан. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хотын иргэн биш, өөрийн эзэмшлийн орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй, нийгмийн даатгалыг 12-оос доош жил төлсөн, агаарын чанарын эрсдэлтэй бүсэд амьдардаггүй зэрэг шалтгаанаар хасагдсан.
Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Энэ ангилалын 58 хүн шууд сонгогдчихсон. Эдгээр иргэд НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна.
Мөн энэ үеэр түрээсийн орон сууцанд хамруулах хүсэлтэй иргэдийг залилах, луйвардах тохиолдол гарч байгаа учраас хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Сонгон шалгаруулалтын явцад хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд минь мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай.
Комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, ангилал тус бүрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна” хэмээн мэдэгдлээ.