Монгол улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалын талаар түүний Тамгын газрын дарга З.Энхболд нэгэн ярилцлага өгчээ. Тэрээр энэхүү ярилцлагадаа Ерөнхий сайд асан С.Баярын 10 байшинг илрүүлсэн талаар дурджээ. Мөн “Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ийн тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан” хэмээсэн юм.
Тэгвэл түүний энэхүү ярилцлагын дараа Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн твиттер хуудаснаа “Ойлгохгүй юм. ЕТГ-ын дарга ЗЭ ийм их ажилсаг уу, эсвэл ийм их завтай хүн үү. Тэнд очиж мөрдөгч хийнэ, энд ирж шүүгч хийнэ. “10 байшинг илрүүлэх”-ийн тулд АНУ явах хэрэггүй. Манай хэдийн авч борлуулсан хэд нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэл дээр ил байгаа. Аль 2007 оноос хойш.
ЗЭ үе үе манийг өдөх юм. Би хариу л барив. Намайг сүүлийн 4 жил шалгаж байгаа. Удахгүй шүүх хурал болно. Хэргийн учир тайлагдах биз. Тэрний өмнө өөртөө илүү ажил удах хэрэггүй л баймаар. “Хар хүний өмнөөс шар хүн” гэдэг шиг үндсэн ажлаа л хий л дээ. ЕТГ ч ажил ихтэй газар байдаг сан” хэмээн жиргэжээ.