Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан юм.
Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан ялалт байгуулсан.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг нийтийн хүртээл болгож байна.
Энэхүү үзэсгэлэн нь өнөөдрийн бидний энэ эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготойгоор дэлгэгдэж байгаа юм. Үзэсгэлэнд Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгдсэн байна. Мөн Халхын голын байлдааны ялалтанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог болж байгаа юм.
Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна.