Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.
Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гаргах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж “Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цартахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цартахлын 3 удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээч байгаагүй шинэ вирусийг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм.
Ийм ч учраас уг зөвлөгөөнөөр томуугийн вирусийн онцлог, улс, орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ, ДЭМБ-ын 2 бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэнэ” хэмээн онцоллоо.