Зам тээврийн салбарыг өмчлөх их шуналын цаана юу нуугдана вэ?

99395 2015/08/19 0

 

Төр бужигнаантай байна.  Харамсалтай нь төрийг ингэж бужигнуулах сонирхолтой  зарим хүмүүс АН, МАХН дотор байна.  Засаг төр огцрох, олон сайдууд солигдох, улс төр тогтворгүй байх нь  лавтайяа  ард түмэнд ашиг тустай биш гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэгвэл хэн үүнээс хожих вэ?

 

 

Энэ хариултын цаана  бусдын өмнө шударга ёс, зарчим, хууль дүрэм, ард түмэн, улс орны эрх ашиг гэж ярьдаг ч мөн чанартаа хувийн ашиг сонирхолдоо баригдсан, түүнийгээ  ил гаргаж чадахгүй  байгаа  хүмүүс нуугдаж байна гэж хэлэхэд буруудахгүй. Олны  анхаарал энэ өдрүүдэд Намбарын Энхбаяр руу хандаж байх зуур шунал хүсэл нь дуусч дундардаггүй нэгэн чимээгүйхэн хор найруулсаар явна.

 

"Женко” Баттулга гэдэг хүнийг хүмүүс мэднэ. Түүнд сайн талууд бий. Тамирчин хүний хувьд Монголд жүдо бөхийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа.  Монголоос жүдо бөхийн олимпийн аварга болон алдар цолтнууд төрөн гарахад их спортыг дэмжиж өдий зэрэгт хүргэсэнд нь монголчууд Х.Баттулгад талархал илэрхийлэх ёстой гэж боддог. Тэр сайн тамирчин, сайн бөх.

 

Харин улстөрд....

 

Х.Баттулга анхнаасаа АН-ын гишүүн байсан уу гэвэл үгүй. 2004 онд Эх орон намаас нэр дэвшиж УИХ-д орж ирээд намаа сольж АН-д элссэн Х.Баттулгыг 2008-2012 онд Ардчилсан нам Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд болгосон. Чухам энэ үеэс л тэрээр зам тээврийн салбарыг өөрийн "өмч” мэтээр, хувийн группийнх нь нэг охин компани гээд "бодчихсон” явдаг нэгэн бололтой.

Ингэж хэлэх нь ч учиртай. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газарт Х.Баттулга энэ салбарын сайдаар өөрийн удирддаг МоАХ-ны нэрийн  өмнөөс хэн ч танихгүй А.Гансүх  гэгчийг Зам тээврийн сайдаар томилуулсан. Мэдээж цаана нь энэ салбарыг өөрийн "командаар” удирдаж байсан гэсэн үг.  Харамсалтай нь улстөржилт, ашиг сонирхлоосоо болоод зам тээврийн салбарыг элгээр нь хэвтүүлээд зогсохгүй төмөр зам тавих ажлыг гацаасаар өнөөдрийг хүрлээ.

Харин одоо тэр МАН-ын огцорсон сайдуудын орыг нөхөх марафонд мөнөөх л зам тээврийн салбарыг авахаар арга сүвэгчилж, хор найруулж эхэллээ. Зам тээврийн сайдад өөрийн  талын хүнийг зүтгүүлэхээр УИХ-ын даргатай тохироо хийж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шахамдуулж байгаа гэсэн бор шувуу хаа сайгүй жиргэж байна.  Гэхдээ Х.Баттулга энэ салбарыг  өөрийн гараар  "алсаас” удирдахын тулд улс төрд "шинэков”-уудын нэг Б.Наранхүүг зүтгүүлсэн нь алдаа гэлтэй.

Бүр улаан цагаандаа гарчихаад нөгөө Б.Наранхүү нь "Зам тээврийн сайд болгохыг дэмжиж байна” гэсэн бичигт УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж явах ч шиг. Харамсалтай нь түүний энэ үйлдэл сошиал медиагаар доог тохуу болж байна.

Гэхдээ бас "Б” хувилбар бий. Хэрвээ Б.Наранхүү гишүүн Зам тээврийн сайдад УИХ дээр болон олон нийтийн дэмжлэг авахгүйд хүрвэл Л.Эрдэнэчимэг гишүүнийг  "Б” хувилбараар зүтгүүлэхээр Х.Баттулга тооцжээ. Тэдний аль нэгийг  Зам тээврийн сайд болгоод авбал "Женко” Х.Баттулгын хүсэл биелнэ. Тэр  өөрийн гараар "зүтгүүлэн” байж сайд болгосон хүндээ сайдаар ажиллах арга замыг нь зааж өгнө. Товчхондоо бол эртнээс нааш ил далдаар шунан зүтгээд байсан  салбарынхаа эрхийг атгаад авна гэсэн үг.

"Мон Уран” гэж юу хийдэг компани болохыг хайж үзлээ. Ихэвчлэн газрын маргаан, газрын наймаа, барилга худалдаж бас худалдан авсан тухай бас "Дүнжингарав” гэж худалдааны төвийг хууль зөрчин барьсан гэсэн мэдээллээс өөр юм олдсонгүй. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж "аав”-ынд очих шахсан Б.Наранхүү гэнэт л АН-ын батлах өвөртөлж, улс төрд хөл тавьсан гэнэтийн "зочин”.

Л.Эрдэнэчимэгийн тухайд "Монос”-ын эмнээс болж хүүхдүүд хордоход хариуцлагагүй мэдэгдэл хийж байсан, "бенз”, туулайны талаарх "тэнэг” жиргээнээсээ болоод нэр хоч зүүсэн, за тэгээд биелгээ хийнэ, ер нь л элдэвтэй. Юун зам тээврийн салбарыг удирдах.

Харин ийм хоёр хүнд Зам тээврийн яамыг өгөх эсэх тухай үнэхээр хувилбар яригдаж байгаа бол АН улстөрөөс явах хэрэгтэй. Тэгтлээ улстөрчгүй болчихсон, газрын наймаачин, эмийн санч хоёроос өөр дэвшүүлэх хүнгүй болчихсон юм бол улстөрийн нам гэж яваад юугаа хийнэ. Олны доог болохын нэмэр. Тэгээд ч яагаад заавал МоАХ-нд Зам тээврийн сайдын суудлыг  өгөх ёстой гэж. Монголын төр Женко Х.Баттулгад ямар өртэй болохоороо Зам тээврийн  салбарын бодлогыг  түүнд болон түүний гар хөл бологсдод хэдий болтол өгөх ёстой юм бэ?

Монголын төр ч гэж дээ Ардчилсан нам хэрэв Х.Баттулгад өртэй юм бол тэрийгээ сайдын суудлаар хангалттай төлсөн. Учир нь засаг бүрдэх бүрт л тэр МоАХ-ноос хэд хэдэн сайдын суудлыг шантааж хийдэг үү, шахалт үзүүлдэг үү яаж ийгээд л авчихдаг. Л.Пүрэвсүрэн, Ш.Түвдэн­дорж, Ц.Оюун­гэрэл, Р.Бурмаа, А.Гансүх....гээд л нэр хөвөрнө.

 

Монголчууд "Их хүссэн хүнд төрийн эрхийг бүү атгуул” гэж эртнээс нааш захиж сургаж ирсэн нь хоосон үг биш гэдгийг АН-ынханд сануулах юун.  

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?