Чингис хааны есөн өрлөг

24089 2016/09/16 0

 

Суу билигт Чингис хааны "есөн өрлөг”-үүд эв эеийн хүчин дор санаа зорилгоо хамтатгаж, Монголын нэгдсэн төр, Их Монгол улсыг үндэслэн байгуулах үйл хэрэгт бүхий л амьдрал, тэмцлээ зориулсан түүхэн гавьяа, зүтгэлтэй. Тухайн цаг үеэсээ хэтийдэн шалгарсан авьяас билиг төгөлдөр төр, цэргийн зүтгэлтнүүд үүнд хамаатай. Иймд Чингис хааны байгуулсан цэрэг, дайны агуу их үйлс, түүхийг алдарт "есөн өрлөг’’-ийн үүрэг, оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй.

 

Сурвалж бичигт нэрлэснийг үзвэл, жалайрын Мухулай, зүрчидийн Чуу мэргэн, аруладын хөлөг Боорчи, сүлдүсний Сорхон шар, урианханы Зэлмэ, бэсүдийн Зэв, ойрадын Хар хиру, жүрхэний Борохул, татарын Шихихутуг гэсэн есөн хүн багтдаг байжээ. Монголын нууц товчоонд анх дурдагдсан "өрлөг” буюу "есөн өрлөг” хэмээх нэр томъёоны утгыг тайлах тухай асуудал өнөөг хүртэл нууц хэвээр байна.

 

Үүнийг тайлахын тулд эхлээд "есөн" буюу есийн тоогоор онцлон нэрийдсэний учир шалтгааныг олж тогтоох нь чухал юм. эг: Есийн тооны бэлгэдэл нь монголчуудын ахуй амьдрал, ялангуяа бөө мөргөлийн шашин шүтлэг, зан үйлээр дамжин төрт ёсны арга ухаанд нэвтэрсэн тухай сурвалж бичигт дурдсан нь олонтоо.

 

Тухайлбал, МНТ- нд "Тэмүжин өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчүүгээ дэлдэж (цохиж) залбиран, бүсээ хүзүүндээ эрхи мэт өлгөж, малгайгаа гартаа сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтөө сөгдөж, өчил өчин, сацал сацав" гэсэн буй.

 

Монголын төр ёсонд есийн тоог эрхэмлэн, шастир түүхнээ тэмдэглэн дээдэлж ирсэн уламжлал ийнхүү эртнээс үүсэн тогтсон нь өнөө  ч хэвээр хадгалагдан ирсэн бөгөөд эрдэмтэн С.Дуламын тэмдэглэснээр "Монголчуудын дээд шүтээн Мөнх тэнгэрийг тахих тайх ёстой холбоотой буюу есийн тоо бол тэнгэрийн үүтгэлийн бэлгэдэл мөн болно.

 

Чухам эл утгаараа товчилбол, долоо гэвэл газар доорх, найм гэвэл газар дээрх, ес гэвэл тэнгэр дээрхийг хэлж, ингээд нийлэн хамтдахлаараа ертөнцийн гурван орон болдог аж. Ийнхүү монголчууд эрт дээр үеэс тэнгэр, газартаа есөн удаа сөгдөн мөргөж, өргөл тахилга үйлдэж байсан нь санамсаргүй хэрэг бус харин тэнгэр эцэг, газар эхийн сав шим, хишиг буяныг даллан дуудаж, ирээдүйн хувь заяагаа итгэн даатгаж, шүтэн бишрэх аваас төр улс, түмэн олноороо төвшин амгалан байхыг бэлгэдсэн уламжлалт зан үйлийн бодит илрэл байв.

 

Мөн академич Д.Гонгор "Есийн тоог эрхэмлэх нь бөө мөргөлийн шүтлэгийн есөн тэнгэрээс үүссэн бөгөөд тэнгэр бурханыг тайж тахихад есөн тахил өргөх, сацлын нүд ес байх, есөн бие-эрдэм гэх буюу ураг төрлийн холбоо хэлхээг есөн үеэр тоолох зэргээр есийн тоог эрхэмлэсэн нь тодорхой...” хэмээн бичсэн нь дээрх санааг бататган өгүүлсэн хэрэг юм.

 

Эдгээрээс үзвэл, МНТ-н дахь "өрлөг” хэмээх үгийг хожим XIY-XYII зууны үеийн түүхэн сурвалж бичгүүдэд чухамхүү төр ёсны есийн тооны бэлгэдэл ёсоор Чингис хааны "есөн өрлөг" хэмээн тоон утгаар онцлон нэрийдэж тэмдэглэсэн нь монголын түүх судлалд өнөөг хүртэл хэвээр хадгалагдан ирсэн болохыг харуулж байна.

Хоёр: МНТ-ны 149, 199, 201 дүгээр зүйлд гурвантаа дурдагдсан "өрлөг” гэдэг үгийн язгуур утга санааг хэрхэн ойлговол зохих вэ?

Эрдэмтэн Я.Цэвэлийн "Монгол хэлний товч тайлбар толь”-д тэмдэглэснээс үзвэл, дуудпага, бичлэг ижил боловч салаа утга санаа илэрхийлдэг "Өрлөг'' гэдэг үгний язгуур үндэс болох "Өр”-ийг "...өр зөөлөн (өрөвдөх сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй), өр өвдөх (өрөвдөх, хайрлах)гээд "есөн өрлөг”-өөр жишээ татан утгачилан тайлбарлажээ.

 

Академич Ш.Гаадамба уг асуудлыг анхааран судалж үзээд "Олон жил "Монголын нууц товчоо”-г судалсан Зөвлөлтийн эрдэмтэн академич С.А.Козин өрлөг гэдэг үгийг өрэ, өрү, өр буюу зүрх гэсэн үгнээс үүсэлтэй гэж тайлбарлаад улмаар "өрлүк” гэдэг бол садан сүлбээгээр биш "сэтгэл зүрхээр" сонгож дотноссон хүн / избранник сердца/ буюу "хайртан” /любимец/ гэсэн утгатай гэж үзсэн байна.

 

Академич Д.Гонгор "Өрлөг хэмээх үг нь "өр зүрхний”, "өр дотны” гэдгээс үүссэн хэмээх тул тэдгээр өрлөгүүд бол монголын хааны шадар дотно нөхөд болох нь зайлшгүй...” гэсэн байна. Түүнчлэн Зөвлөлтийн нэрт эрдэмтэн Н.П. Шастина монгол хэлний "өрлөг" гэсэн үгийг орос хэлээр "витязь, герой” хэмээн орчуулжээ.

 

"Монголын нууц товчоо” судлалын нэртэрдэмтэн, судлаачдын дэвшүүлсэн эдгээр санал, дүгнэлтээс авч үзвэл, "өрлү’үд” буюу "өрлөг” гэдэг үг бол Чингис хааны гавьяа зүтгэлтэй, хамгийн итгэлт "зүрхний дотно нөхөд”-ийн өргөмж сайшаалын нэр болох нь даруй мэдэгдэнэ.

 

Гурав: Эндээс Чингис хааны "есөн өрлөг" хэмээх нэр томъёо нь утга санааны хувьд есөн "хүн”-ий тухай яриа байв уу? эсвэл есөн удаагийн "өршөөл”-ийн нэр байв уу? гэдэг эргэлзээтэй асуудал урган гарч, түүхч, судлаачдын анхаарлыг өнөөг хүртэл татсаар байна. Энэ тухай академич Д.Гонгор, Ш.Гаадамба нар түүхэн сурвалж, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан сонирхолтой санал, дүгнэлт дэвшүүлсэн.

 

Тухайлбал, академич Д.Гонгор үзэхдээ "...1604 оны Алтан товч, Лу Алтан товч, Эрдэнийн товч, Шар тууж, Болор эрхи, Эрдэнийн эрхи зэрэг XYII-XIX зууны бичигт ...есөн өрлөг хэмээх есөн хүн байсан гэж нэгэн дуугаар батлан өгүүлснийг ор үндэсгүй гэж үгүйсгэх аргагүй, "өрлөг” нь үнэхээр өршөөл хайр хүлээсэн хүмүүс мөн боловч энэ нь есөн орон тоотой байсныг үгүйсгэсэн баримт бус юм" гэсэн байна.

 

Харин академич Ш.Гаадамба "...есөн өрлөг гэдэг нь "Монголын нууц товчооны’’ зарим үг өгүүлбэр ба "өрлөг” гэдэг үгийн хэрэглэгдэх утгын үүднээс бодвол "Есөн тоотой (баатар)" гэсэн утгатай бус, харин "есөн (удаагийн) өршөөлтөн” гэсэн утгатай нэр томъёо байжээ” гэж үзсэн.

 

Учир нь МНТ-ны 202 дугаар зүйлд, Чингис хаан 1206 онд Их Монгол улсаа байгуулаад итгэлт нөхдийн дундаас зөвхөн аруладын Боорчи, урианхайны Зэлмэ, жүрхэний Борохул, тайчуудын Сорхон шар, татаарын Шихихутаг нарын 5 нөхдөө "есөн удаа”-гийн ял зэмээс өршөөн хэлтрүүлэхийг "jesun aldal dur bu aldatuguyai” (есөн алдалд бүү алдтугай) хэмээн өргөмжлөн сайшаасан болохыг нэн тодорхой тэмдэглэсэн байх бөгөөд энэ нь хэрэг дээрээ "есөн өрлөг" гэдэг нь зөвхөн "есөн удаа”-гийн ял зэмээс өршөөн хэлтрүүлэх онцгой "эрх дарх’’-ыг өгүүлсэн хэрэг болохоос бус тодорхой нэр тоо, тэр тусмаа "есөн тоо”-той түүхт зүтгэлтэн байсныг хараахан өгүүлээгүй болохыг харуулж байна.

 

Үүнээс гадна эрдэмтэн Сайшаал "...Чингисийн цадиг, Лу Алтан товчид есөн өрлөг гэсэнгүй. Чингисийн дотоод есөн сайд гэсэн тэмдэглэл байдаг. Өдгөө түүх судлалд академич Ш.Гаадамбын анхлан дэвшүүлсэн дээрх санал, дүгнэлтийг илүүтэй хүлээн зөвшөөрч буй хандлага түгээмэл болж байна. Тухайлбал, түүхч Н.Нагаанбуу "Есөн өрлөг" гэдэг нь өргөл, өргөмж, өргөө, өрх /өрүхэ/, өрлөгөө, өглөө, өршөөл зэрэг хүндэтгэлийн хийморьлог үгстэй язгуур утга нэгтэй үг.

 

Есөн гэмийг өршөөх Чингис хааны гавъяат өргөмжтэй, идэрхэг хавтай эрсийг дээдэлсэн хааны дархан цолтнууд. Есөн хүн гэсэн үг биш. МНТ-нд "есөн алдлаас өршөөгдөх утгаар, Гүн Гомбожавын Гангын урсгалд "Чин 9 тэнгэр, 9 өрлөг” гэсэн хэллэг буй" гэж үзсэн бол түүхч Ц.Минжин "Чингис хаан нүүдэлчин Монгол аймгуудыг нэгтгэн тулгар төрийг байгуулахдаа есөн өрлөг гэдэг тодорхой хүмүүс байсангүй.

 

Харин есөн удаагийн осол эндлийг авч хэлэлцэхгүй гэсэн өндөр дээд эрх олгон дархалсан таван нөхөр байжээ. Энэ санааг зөвхөн бид дэвшүүлж байгаа юм биш, нэрт эрдэмтэн, "Монголын нууц товчоон”-ийг судлаач Ш.Гаадамба дэвшүүлсэнд тал өгч байна” гэжээ. Үүний зэрэгцээ Чингис хааны есөнудаагийн "өршөөл" нь чухам юуг илэрхийлж байв? гэсэн асуудал аяндаа урган гарах бөгөөд МНТ-нд дурдагдсан дээрх нэр бүхий 5 "өрлөг”-ийн үйл амьдралыг сайтар ажиглан үзвэл,

 

Чингис хаан болон түүний алтан ургийнхны "амь нас”-ыг гэнэтийн, болзошгүй аюул ослоос эсэн мэнд авран хамгаалсанд оршиж байсан нь тодорхой мэдэгдэх агаад чухам үүнд л тэдний есөн удаагийн "өршөөл”-ийг хүртсэн онцгой гавьяа зүтгэлийн гол учир шалтгаан оршиж буйг энд онцлон тэмдэглэвэл зохилтой юм. Эрдэмтэн Дорнотив Чингис хааны магтаал соёрхол хүртсэн нэр бүхий гучин гавьяатныг дурдаад, "...тэдний дотроос Боорчи, Зэлмэ, Борохул, Сорхон шар, Бадай, Хишилиг нарыг дархлах, эдгээр хүмүүс цөм амь аварсан гавьяатай тул буюу” гэж тэмдэглэсэн нь мөн л Чингис хаан болон түүний алтан ургийнхны "амь нас"-ыг аварсан эрхэм гавьяаг онцлон өгүүлсэн хэрэг бололтой.

 

Мөн цэргийн түүхч Г.Мягмарсамбуу "Нөгөө талаар тэд Сорхон шар, Боорчи, Зэлмэ, Шихихутаг, Борохул хэзээ ч осол гаргаж, хэрэг өдөөхгүй болох нь нэгэнт танигдсан учир ийм онцгой соёрхол хүртжээ” хэмээн нэгэн чухал саналыг дэвшүүлсэн байна. Энэ бүхнээс үзвэл, МНТ-нд нэр дурдсан "есөн өрлөг” хэмээх үг нь Чингис хааны хамтран зүтгэгчдээс гагцхүү есөн удаагийн "гэм зэм”-ийг үл хэлэлцэх, есөн удаагийн "өршөөл”-ийг хүлээсэн онцгой эрхт гавьяа зүтгэл бүхий хамгийн итгэлт нөхдийн өргөмж сайшаалын нэр болох нь даруй мэдэгдэнэ.

 

Хубилай хааны үед зохиогдсон "Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх” хэмээх сурвалж бичигт анх "есөн эрлүг” гэдэг хаант төрийн нэр хүнд бүхий хэргэм тушаалтан байсныг "...есөн их бэлгийг есөн эрлэг мэд” гэж тэмдэглэсэн нь ихэд сонирхолтой юм.

 

Академич Д.Гонгор "Цагаан түүхэнд "есөн эрлэг" гэж тоог тодорхой өгүүлснийг бодохул нэгдсэн төр улсын есөн бэлэг (символын зүйл)- ийг эрхлэн хариуцдаг есөн өрлөгийн орон тоо байсан ба тэдний аль нэгний орон хийдэн гарахад тухайн нөхцөл байдлаар төр, цэргийн тэргүүн зүтгэлтнээс тохоон гүйцээх тул үнэн хэрэг дээрээ есөн өрлөг байж гэж үзэх нь оновчтой буюу" гэсэн бол академич Ш.Гаадамба "Хубилай хааны үеэс "есөн эрлүг” гэдэг эзэн хааны есөн бэлэг /символын зүйлс/-ийг эрхлэх есөн хүнийг хожмын түүхчид "есөн өрлөг" гэдэг үгтэй хутган буруу ухаарч есөн хүн байсан гэж эндүүрсэн байж болох юм.

 

Иймэрхүү ташаа ойлголтын үндэс дээр зохиогдсон домгийн зүйлийг цаашид гүнзгийрүүлэн, өрлөгийн тоонд хэн хэн орохыг тоонд нь тохируулан бүртгэж, нэрийг оноон нөхвөрлөн оруулсан бололтой” гэжээ. Эндээс үзвэл, Чингис хааны үед бус, харин Хубилай хааны үед төрийн есөн их бэлгийг тус бүр эрхлэн хариуцдаг төр, цэргийн есөн тоотой зүтгэлтнүүд томилогдон ажиллаж байсан бололтой.

 

Чухам энэ үеэс түүхч, судлаачид МНТ-нд нэр дурдагдсан Боорчи, Зэлмэ, Борохул, Сорхон шар, Шихихутаг нарын 5 "өрлөг”, Мухулай, Зэв, Хар Хиру, Чу мэргэн нарын 4 түүхт зүтгэлтнүүд(цэрэг, дайнд байгуулсан гавъяа зүтгэлийг нь харгалзан үзсэн болов уу)-ийг зориудаар нэмэн бичиж, тэмдэглэх болсноос үүдэн өнөөгийн "есөн өрлөг” хэмээх ойлголт үүссэн бололтой.

 

Монголд шарын шашны нөлөө ихэд дэлгэрсэн XYII-XIX зууны үеийн ихэнх сурвалж бичгүүдэд Чингис хааны есөн удаагийн "өршөөл”-ийг хүртсэн эрхэм дотно нөхдийн "есөн өрлөг” хэмээх өргөмж сайшаалыг илэрхийлсэн нэр томъёоны язгуур утга санааг ийнхүү "есөн тоо”-той өрлөг жанжин болгон бичиж тэмдэглэх болсон нь санамсаргүй зүйл биш болов уу?

 

Учир нь монголчуудын уламжпалт бөө мөргөлийн тэнгэр шүтлэгээс улбаатай "ес”-ийн тоог эрхэмлэн шүтэх үзэл хэвээр уламжлагдаж, тухайн үеийн манжийн дарлалын эсрэг тэмцэлд чухамхүү Чингис хааны "есөн өрлөг”-ийн алдар гавьяаг эрхэмлэн дээдэлсэн цэрэг, эх оронч үзлийг тууштай сахин баримталж байсны бодит илрэл гэж үзэж болно.

 

Тийм ч учраас манж нар есөн эрүү тулгах, есөн цагааны алба бариулах зэргээр монголчуудын төр ёсны бэлгэдэл болох "ес”-ийн тоог эрхэмлэн шүтэх үзлийг сөргүүлэн ашиглаж, эх оронч, үндэсний үзэл санаа, үйлс тэмцлийг мохоон дарах харгис арга бодлогыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн байдаг.

БХИС-ийн багш И.ЧИНБАТ

Эх сурвалж: "Соёмбо"


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?