Галдан Бошигт хаан манжийн Энхамгалан хаанд дагаар орж бодрол бичиг өргөсөн үү?.

10404 2016/11/08 0

 

1690оны зун одоогийн өвөр Монголын нутагт байх Улаан Бодонд (Будан биш) Зүүнгарын хаан Галдан Бошогт Манжийн цэргийн бүслэлтэнд орж ялагдан улмаар Манжийн Энх-Амгалан хаанд дагаар орох тухай бодрол бичиг үйлдэн бурханаа толгой дээрээ авч (хуурмагаар) тангаргалсан тухай манай түүх бичлэгт уламжлагджээ.
Тухайлбал "БНМАУ-ын ТҮҮХ” 3 боть (1966он ) болон "Монгол улсын түүх” (2003 он )5 боть –д дээрх байдлаар бичиж иржээ.
"Монгол улсын түүх” (2003 он )4-р боть –д "Галдан цагийн байдлыг тооцоолоод, хүчтэй цэрэгтэй тулгарснаа мэдэж, энэ тулалдаан Ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор төр, шашны тулд хэлэлцээр хийе хэмээн, эхлээд Ялгуугсан хутагт, дараа нь Жирүн хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж, найрамдахыг хүсчээ”.
"Манжийн тал ч Манж нар нэгдүгээрт, тулалдаанд хүч нь сарнисан, хоёрт, Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галданы элчийг тусгай цацар барьж, хүндэтгэн хүлээн авчээ.
Манжийн цэргийн удирдлага нь Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харъяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч бурханаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ. 
Галдан шадар жанжнуудтайгаа зөвлөлдөөд, олон хүний амийг аврахын тулд хуурамч тангараг өргөхөөс үл эмээнэ хэмээн шийдээд, манжийн талын шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ. Галдан өөрийн цэргийн хүрээнд манжийн элч Арнай нарыг угтан авч, бурханаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээж авснаа мэдэгджээ. Манжийн элчийг буцахад, Галдан "Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн буй газар нь хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн одож, зарлиг хүлээхийг хүсэж буй”-гаа хаанд дамжуулахыг хүсчээ.
Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байгааг далимдуулан Галдан манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан” тухай үгүүлдэг нь "ЭнхАмгалан хааны бодлогийн бичиг” гэх Манжийн төрийн албан ёсны байр суурийг шууд тусгасан зохиолоос ирэлтэй дүгнэлт болно.
Улаан Бодонд Манжийн цэрэг ...” 40 хүрээ болж уртаараа 100,өргөнөөрөө 40 шахам газар эзлэн хороолон буусан хэмээн Вэй Юан бичжээ”...[Ч.Далай .Ойрад Монголын түүх.2006.]
Энэ баримтыг Perdue, Peter C. ------------ "China marches west" номондоо ч бичсэн байдаг.
Иймд Галдан Бошогт хааны 3 түмэн цэрэг түүний ачаа хөсөг гээд бараг нэг өдөржингөө үргэлжлэх урт цуваа нь ...”Манжийн элчийг буцсан шөнө нь зай сүвийг нь олж, бүслэлтээс гарсан”...”Үүнийг нь Манжийн цэрэг 3 өдрийн дараа мэдсэн”...гэх зэрэг хэллэг нь эрүүл хүнд үнэмшил төрүүлэхгүй юм.
Үйл явдал өрнөсөн дараалал ,Манжийн албан ёсны түүхэнд бичиж үлдээсэн сэжиглүүштэй тайлбарууд болон зарим түүхэн ач холбогдолтой баримтуудыг үндэслэвэл Улаан Бодонд Галдан Бошогт хаан Манжийн цэрэгт ялагдсан гэх асуудлыг нягтлан дахин авч үзвээс зохилтой байна. Энэ талаар уг байлдааны ажиллагааг өөрийн биеэр үзэж тэмдэглэл хөтлөж үлдээсэн гуравдагч этгээдийн төлөөлөл болох Галдан Бошогт хааны цэргийн хүрээнд Оросын элчийн хувиар явсан Кибиров болон Манжийн цэрэгт зөвлөхөөр явсан Францын Jean- François Gerbillon нарын тэмдэглэл онцгой ач холбогдолтой юм. 
Jean- François Gerbillon нь 1689 оны Нерчинскийн гэрээнд Thomas Pereira -гийн хамт Да-Чин улсыг төлөөлөн оролцсон байна. Энэ гэрээний үеэр Оросууд дээрх хоёрыг хахуульдах гэж оролдсон байдаг ч тэд Манж эзэндээ үнэнчээ харуулж, Халхыг Байгаль нуураар арилжих гэрээнд оролцоод зогсохгүй хожим сүүлчийн удаа 1707 онд нас бархаасаа өмнө гурван төлөөлөгчийн хамт Халхад дахин аялаж Манжийн хааны шинэ хуулийг газар дээр нь хэрэгжүүлэх талаар ажиллаж байсан нь сонирхолтой юм.
Ер нь зөвхөн 1688 аас 1698 оны хооронд найман удаа Халх руу аялсан байдаг.
Дээрх хоёр христын номлогчид Энх-Амаглан хааны хэд хэдэн аян дайнд хамт оролцсон байна. Тухайлбал 1690 онд Арнайн хамт Улхуйн голд Манжийн цэргийн ялагдлын гэрч болоод зогсохгүй дараах Улаан-Бодонгийн тулаанд бас байлцаж түүхэн гэрч болж тэмдэглэл хийсэн байна..Сүүлд 1691 оны Халхыг Манжид Дагаж орох Долоон нуурын ёслолыг зохион байгуулалцжээ. 1697 онд зуун-Модны тулалдаанд бас оролцож явжээ.
Түүний бичсэнээр Улаан –Бодонгийн тулалдааны гол хүчины захирагч , ерөнхий жанжнаар эцэг нэгтэй Fu-ch’uan –г томилж Бээжингээс Улаан –Буданданг чиглэн гарсан байна.
Энх-Амаглан хааны өөр нэг дүү Ch’ang-ning нөгөө нэг чиглэлийг захиран морджээ.Энх-Амаглан гол хүчтэйгээ цуг гарсан боловч цагаан хэрмийн орчмоос бие өвдсөн тул буцжээ. Гурав дахь чиглэлийн цэрэг нь Өвөр Монголынх байсан боловч ихэнх нь болзсон газарт тогтоосон тоогоороо хүрэлцэн ирж амжаагүй, бие бүрэлдэхүүн нь ч хагас дундуур бүрдээгүй байсан нь өвөрлөгч нар хэдий Манжийн төрийн өмнө цэргийн чанд хатуу цаазтай үнэнч дуулгавартай боол нь байсан ч тулаан хаашаа эргэхийг харзнаж байсан гэлтэй.
Эхний өдрийн тулаанд аль аль тал ялалт байгуулж чадаагүй ч Манжийн ерөнхий жанжин Fu-ch’uan Бээжин рүү элч заран ------"Ойрадууд бут цохигдсон,. Галдангийн тал асар их хохирол хүлээв”-------гэж хуурамч мэдээ хүргэжээ. Үнэндээ тэрбээр эхний өдөр Ойрадын барлалд нэвтэрч чадаагүй юм. Бүр эхний өдөр Энх-Амаглан хааны нагац Tong Guogang гэгч жанжин алагдаж Манжийн цэргүүд сэтгэл санааны хүнд дарамтанд орсон талаар Gerbillon бичиж үлдээжээ. Бүр домог хүртэл гарсан байна. Улмаар дөрвөн өдөр зууралдан тулалдаад 5 дахин цөөн Ойрадын цэргийг бутцохиж чадаагүй билээ.
Эсрэг талд буюу Галдангийн цэргийн хүрээнд Улхуйн голд болсон тулаанаас хойш байсан Оросын элч Кибирев --"Чин улс ялсан гэж харахгүй байна”--------гэжээ. Мөн түүнийхаар хохирол тэнцүү байсан болотой. Тулааны дараа Fu-ch’uan бүх хэргэм зэргээсээ авхуулж, Гурван жилийн цалингаа хасуулж олон жанжид нь мөн адил шийтгэгджээ. Энэ мэт мэдээ баримт байхын сацуу Галдан бошигт хаан, Ойрад цэргүүдийн эр зоригийг бахадсан мөрүүд бичиж үлдээсэн байна.
Jean- François Gerbillon --------Галдан бошогт хааныг Зуун-Модны тулалдааны ялагдлын дараа ч эр зоригтой байж ,тэмцлээ үргэлжлүүлэх зориг эрмэлзлэл төгс байсныг өгүүлжээ.

Үүнээс үзэхэд Галдан Бошогт хаан Улаан Бодонд Манжийн 100,000 цэрэгт ялагдсаны улмаас аргагүйн эрхэнд тэдний шаардсан ёсоор тангарга тальбиж дагаар орсон гэх асуудал эргэлзээтэй байна.
Хятадын түүхэн баримтуудаас Зүүнгарт холбогдох материалыг дэлгэрэнгүй судалсан өвөр Монголын Аохин хошууны эрдэмтэн Намсрай ...”Улаан Бодонгийн дайнаар Зүүнгарын цэрэг дэмий үргэдэл гарсангүй боловч аж ахуй,эд бодисын талаар талаар нэлээд хохирол амсчээ”...хэмээн дүгнэсэн байна.
Эндээс бид үйл явдлыг дараах байдлаар нэхэн сэргээж болох байна. 
Галдан Бошогт болон Манжийн Энх-Амгалан хаадын хоорондоо олон арван удаа харилцсан захидалуудаас харвал үйл явдлын эхний шатанд Манж нар Халхыг хэрхэх талаар дотооддоо хэлэлцэхийн сацуу Галдан Бошогт хаантай ч энэ талаар хэлэлцэж байжээ гэж дүгнэж болох байна.
Нөгөө талаар Халх нарыг ч шахамдуулан "Хэдийнээ манай улсад даган, дөчин есөн хошууны адил байсан аваас Галдан аймшиггүй халдахгүй, халдах аваас бидний улс мөн дув дуугүй байхгүй”... гэх зэргээр шууд Манж Чин улсын харъяат болохыг шаардсан байна.

Өвөр Монголын Монгол Судлалын Дээд сургууль болон БНХАУ-ын түүхийн 1-р архивын газраас хамтран "Дайчин гүрний дотоод яамны Монгол бичигийн гэрийн данс”( 2006 он )хэмээх Монголын түүхэнд холбогдох Манжийн архивын баримтын эмэхтгэлийг 22 ботиор гаргасан зохиолын Энх-Амгалан хааны 33-р оны цэргийн дансан дахь "Өөлдийн Галдан Бошигт ханы айлтгасан бичиг”-т :
...” Эдүгээ тусгайлан угаас айлтгасаар ирсэн үгийн тулд урьд Жибзүндамба, Түшээт хан хоёрыг таны зарлигаас зөрчиж бидэнд цэргэлэн ирж муудсан хойно их өршөөнгүй хаан хамгийг өршөөх учирт урьд Ачит цорж дэд сайд, Ялгуусан хутагт, Чагнаадорж нарын зэрэг зарсан элчин лам нар ,сайд нар бүгдээр Долоон хошууг өөрийн газарт гарган ,Жибзүндамба,Түшээт хан хоёрыг чамд өгмүй хэмээн басхүү нэгэн ёсоор хэлэлцэв.
Хожим Чагнаадорж бас Жирүн хутагт ,Ялгуулсан хутагт хоёул өмнө Жибзүндамба хутагт, Түшээт хан хоёулыг өгмүй хэмээн өгүүлэв.Түүний хойно Жирун хутагтын өмнө ,дотоод сайд Удан ,Дотоод сайд Сэрж хоюулын нүүрт тогтоон хэлэлцэхдээ ч мөн урьд айлтгасан ёсоор Жибзүндамба хутагт, Түшээт хан хоюулыг нэхэв.
Гурван үгийн нэгэнд тогтоох, долоон хошууг өөрийн газарт эргүүлэхийг тогтоон хэлэлцсэн буй. Жирун хутагтын өмнө хоёр дотоод сайдын өмнө миний сонссон нь магад.
Ийнхүү тул илэрхий нууцийг бүрэн тольдогч Манзушири хаанд хэрхэн хуурмаглан айлтгаваас болмуй хэмээн өөрийн мэдсэн сонссон явдлыг айлтгасан бүлгээ.Тийнхүү хэмээсэн ч энэ хоёр удаагийн илгээсэн бичигт урьд тогтсон хэлэлцсэн үгээс өөр болсонд урьд бичиг хүргэж ирсэн сац лам нар ,сайдуудад дургүй болохгүй хэмээн санаж ,их өршөөлт хааны лам нар сайдуудад буруу үгүй бөгөөд буруутгаваас нийцэхгүй буй за хэмээн эндээс илгээсэн элчин Эрдэнэ цоржид энэ үг явдал байваас миний зөв явдлыг тайлан тодорхойлон айлтгах бичиг тольдно уу хэмээн илгээсэн бүлгээ....Урьд зарсан лам нар ,сайдууд бүгдээр уулзаж хэлэлцсэн үг урьд айлтгасан ёсоор бөгөөд их өршөөлт хаанд айлтгаагүй мэт.Жич: Жибзүндамба хутагт,Түшээт хан хоёул долоон хошууны учирт Далай ламын элчин Жирун хутагтын өмнө хэлэлцсэн үгс ,басхүү урьд айлтгасан ёсоор бөгөөд их өршөөлт хаанд эсвээс айлтгасангүй аж. Хэргийн тул зуурт явсан лам нар ,сайдуудыг нэгэнтээ бурууд унагахыг мэдэхгүй боловч гагцхүү тэд өөрсөдийн хэлэлцсэн магадыг их өршөөлт хаанд айлтгаагүй мэт.Миний санах нь ,энэ хэргийн тул ,зуурт явсан лам нар, ноёд олон сайдуудыг би хэдий бурууд унагахгүй боловч Жибзүндамба хутагт, Түшээт хан таны зарлигийг зөрчиж ,тэр мэт самуун их эвдрэл үүсгэсэн тул их өршөөлт хаан олон амьтаныг хөвгүүн адил өршөөх тул дараа дараагаар зарсан лам нар ,ноёд сайдууд их өршөөлт хааны тушааж зарсан хэргийг зарлиг айлтгасан ёсоор чив чигтээ явж чадсангүй,хэлэлцсэн үгийг илэрхий гарган айлтгаагүй боловуу хэмээн санамуй””...гэсэн захидалд Энх-Амгалан хааны элчин сайд нар үйл явдлын эхний шатанд Бошогт хааны Халхыг уг нутагт нь буцаах болон Жибзүндамба хутагт, Түшээт хан хоёрыг өгөх шаардлагыг зөвшөөрөн хүлээж харин нэгэнт Манжийн Энх-Амгалан хааны албат болсон Халхыг халдан довтлохгүй байх шаардлагыг сөргүүлэн тавьж нэг ёсоор дундын бүс маягтай болгох талаар хэлэлцэж байжээ гэдгийг мэдэж болно.
Харин үүнээс арай хожим Улаан Бодонгийн дайнд Галдан Бошогт хаан амжилт олоогүй болон Цэвээнравдан ар худрагаар нь самууран босож хүчиний харьцаанд өөрчлөлт гарсан үед Энх-Амгалан хаан...”Урьд чи [Галдан Бошогт хаан] Жибзүндамба хутагт, Түшээт хан хоёрыг эрж гурван үгийн нэгэнд тогтооно уу.Долоон хошууг өөрийн газарт эргүүлнэ үү. Жибзүндамба хутагт, Түшээт хан хоёрыг өгмүй хэмээсэн бүлгээ хэмээх явдлыг айлтгасан хойно ,энэ мэт зарлиг буулгаваас ,чамд зарлигийн бичиг илгээхгүй байсан уу?
Эрж ирсэн хүнийг барьж ,өшөөт хүнд өгвөөс болно уу хэмээн зарлиг буулгасан явдал маш тодорхой.Огт чиний айлтгасан бичигийн үг утгыг ухсангүй,зөрчицгөөсөн хэмээх явдалгүй.Чи ч гэсэн манай үг аялгууг ухсангүй гэх явдалгүй.Тийнхүү бөгөөд энэ цөм чиний Улаан Бодонгийн газарт миний цэргийн хамт байлдахын урьд бүлгээ.
Хэрэг андгайлсан хойно авч хэлэлцэх явдалгүй”...Өөлдийн Галдан Бошогт ханд буулгасан зарлигийн бичиг. [Энх-Амгалангийн 33-р он. Илүү таван сард.] гэх мэтээр нэг ёсондоо "зарлигийн бичиг” илгээгүй тул үүнийг бичигээр нотлох баримт байхгүй "би тийм юм яриагүй” хэмээн хэлэлцэж байсанаасаа буцан урьд ярьсан хэлэлцсэн асуудал цөм Улаан Бодонгийн дайны өмнөх асуудал ,түүний дараа хэрэг шийдэгдэж чи нэгэнт андгайлсан учир энэ талаар хөөн хэлэлцэхгүй гэжээ.
Энд дурдагдсан Галдан Бошого хааны "андгай” чухам ямар утгатай байв?. Үнэхээр хүчин мөхөсдөж ялагдсаны улмаас Манж нарын шаардсан бүхнийг биелүүлсэн үү ?гэдэг асуудал сонирхолтой юм.
Энх-Амгалан хааны 28-р оны цэргийн дансанд эхмэхтгэгдсэн Энх”Амгалан хааны 1692 онд "Өөлдийн Галдан Бошогт ханд буулгасан зарлигийн бичиг”-т ...”Хожим чи Халхыг нэхэх шалтагт миний харуулын дотор гүн орж Улаан Бодонгийн газарт хүрч ирсэн хойно цэрэг гаргаж учирийг асуулгасанд ,чиний цэрэг урьд гар хөдөлсөн тул миний цэрэг сая байлдаж чи ихэд дарагдаж маш цухалдан догшин бурханы өмнө сөгдөж Амгалан хааны харъяат Халхыг дараалан халдахгүй хэмээн андгайлсан ,тамга дарсан бичиг одоо буй”...гэх зэргээр үгүүлсэнийг үзвэл Энх-Амгалан хааны "Бодлогийн бичиг”-т бичсэнчлэн Манж Чин улсад дагаар орох зэргээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн биш ,харин зөвхөн Энх-Амгалан хааны харъяат Халхыг уулгалан довтлохгүй гэсэн ам өчиг өгсөн бололтой байна.
Үнэхээр Манжийн талын бүх шаардлагыг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн байсан аваас Энх-Амгалан Галдан Бошогт хаанд бичсэн захидалдаа үүнийг сануулан дурдалгүй өнгрөх учиргүй юм.
Энэ бүхэн нь Улаан Бодонгийн дайн нь нэг талаас хоёр талаас Халхыг булаалдан байлдсан тулаан байсан ,нөгөө талаар аль аль тал нь цэргийн хүчээр асуудлыг шийдэж чадаагүй тул харилцан тохиролцож хоёр тийш болсоныг харуулж байна.
Нэгэнт хоёр тал "хайнцсан” тул барагцаагаар хүчин бөлхөн байсан Галдан Бошогт хааны талд тулааны үр дүн илүү хүнд туссан учираар түүний санаачилгаар хэлэлцэн тохиролцож ,нэгэнт Манж Чин улсын харъяат болсон Халхыг нэхэх явдалгүй цаашид халдан довтлохгүй хэмээн Далай ламын бурханы өмнө сөгдөн ам өчиг өгөн цэргээ саадгүй хойш татсан хэмээн дүгнэж болох байна.
Түүнээс "ялагдсан” "хэдэн давхар бүслэгдсэн” байсан аваас Манж нар юу гэж Галдан Бошогт хаантай адил тэнцүү нөхцлөөр хэлэлцэх,асар том цэргийн цувааг нь нүдээ аниад өнгрүүлэх билээ. 
Үүнийг хожим Манжийн төрийн албан ёсны түүхэнд гуйвуулан "дагаар орсон” мэтээр бичсэн нь архивын баримтаар батлагдахгүй харин ч тэдний хоорондоо харилцсан захидалуудаар энэ мэт няцаагдаж байна.
Эндээс ...”Халх нь Зүүнгарт нэгдсэн бол Манж нарт хядуулах байсан”...гэж ярьдаг түүхчидийн яриа түүхэн баримтаар няцаагдаж байгааг хэлэх ёстой юм.
Халх-Ойрад нэгдсэн бол Манж нар үүнийг "эсэргүүцэн” байлдах ямар ч сонирхол байгаагүйг дээрхээс харж болно.

Мөн уг эмэхтгэл дэх 1693 оны 4-р сарын 19 ны "Галдан Бошигт Ханы айлтгасан бичиг”-т ...”Хожим Улаан Бодонд одсон явдлыг их өршөөнгүй хаан өршөөн уучилсан тул айлтгах нь хэрэггүй боловч миний зөвийг гарган айлтгасан учир тэр үед ,(Манжийн элчин )Чагнаадоржийн хэлсэн үг Жибзандамба, Түшээт хан хоёрыг чамд өршөөн өгсүү. Хүнс үгүй болбоос Монголыг уулгалж идэхийг гайгүй хэмээн тамга бүхий бичиг өгөв. Тэр үг бичиг хоёрыг Жирун хутагт,Ялгуулсан хутагт хоёр цөм мэдмой.Тэр үгийн ёсоор бөгөөд их төлөв хэргийн хуулийг даган ёс мэдэхгүй, явсан нь бус,ял хийж явсангүй.Тэр хойно Жирун хутагт ,дотоод сайд Удан, Сэржи нарын өмнө мөргөн миний хэлсэн үг ,Жибзүндамба,Түшээт хан хорыг айлтгасан гурван үгийн нэгэнд тогтоогтун.Долоон хоршууг түүний уг газарт гаргах болсонд их өршөөнгүй хааны харъяат Монгол жич аливаад бус явахгүй гэв ”... хэмээн Галдан Бошогт хаан хэлсэн нь үүнийг улам батлаж байна.
Мөн нөгөөтэйгүүр үүгээр Галдан Бошогт хаан Халхыг нэгтгэх тэмцлээсээ албан ёсоор татгалзсан гэж харж болохгүй юм. Үүнээс хойш ч Энх-Амгалан хаан Галданд хандан...”Чи андгайлсанаасаа няцаж байна. Чиний тамга дарсан бичиг одоо буй”...гэх зэргээр олон удаа бичиж байсанаас энэ нь харагдах бөлгөө.

Галдан Бошогтын андгайлсан бичиг.
орчуулга.
Далай ламын гэгээнээс Жирүн эрдэнийг төр шашин засах элчин болгон өршөөв.Жирүн Эрдэнийн үгийн ёсоор ,Амгалан хаан өршөөсөн тул ,Бошогт хаан мөн Амгалан хааны харъяат олон иргэнийг үүнээс хойш халдахгүй хэмээн морин жил ,найман сарын арванд ,Жирүн Эрдэнийн дэргэд Амгалан хааны дотоод сайд Удан,дотоод сайд Сэрж хоёулд үзүүлж ,охин тэнгрийн зураг,жич ламд мөргөж,андгайлсан үгийг зөрчвөөс номын сахил үл хэлтрүүлэх болтугай.Зөрчихгүй болбоос санасан хэргийг бүтээхийг айлднануу хэмээн тамга дарсан бичиг өргөв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?