Цагаан Дарь эхийг бүтээсэн домог

791 2016/11/28 0

Үжирч ноорсон хүрэн тэрмэн дээлийн татмаг дээр, цуурч сэмэрсэн шар гирган бүс ороохчаа аядаж, мээм оройт шовгор хэмээх шар цэмбэн малгай тухтуулж тавьсан тэр хөдөөрхүү лам хөл нүцгэн явдагийн дээр гархилсан дүрлэгэр нүдэндээ эв хавгүйхэн том шилийг зүүж, гандаж борлосон царай нь тэнүүлчийн шинжийг бүрдүүлнэ. Тэрбээр бүсэндээ хад чулуу цохилуурын ганц цүүц, яргай ишт хүнд алх хавчуулаад, өвөл ч, зун ч, уул хадаар тэнүүчлэн халуунд халж, хүйтэнд хөрч даарч хад чулуу балбаж үсэг ном сийлж, бурхан буддааг ч богд Зонховыг ч хамгийн наад зах нь л маанийн зургаан үсгийг магтан сийлж явсаар нэг мэдэхнээ Сансрын хадны Дарьмаа бүсгүйтэй тааралджээ.


-"Бүсгүй бүсгүй та намайг болгоон таална уу? Бүр нүцгэлээд ариун сайхан алд биеэ надад ичиж айлгүй харуулаад орхи доо. Эзгүй хээр та бид хоёрыг хэн л яагааж дээ” гэхэд нь бүсгүй мэлмэрэн гайхаж:

-"Та юу айлдав аа? Лам хувраг хүн байж юу л болж байна даа! Ингэж хамаагүй болгоон таалж болдог юм уу? Сахил санваар тань бузардахгүй юу” гэж бүсгүй асуув ...

Ламтан, бүсгүйн дээлэнд наалдсан өвс тоосыг сэгсрэн өмсгөж өгөх зууртаа: Та чилээрэх үү? гэж асуухад нь хүүхэн:
- Зүгээр зүгээр ариуслаа. "Бие чөтгөр, хувцас бурхан” гэлцдэг билүү? гэхэд нь лам:
Жа тиймээ! "Бие бурхан, хувцас чөтгөр” болдог ёсон ч байдаг гэж бурхан багш айлдсан юм гэдэг шүү гээд ламтан жаахан өлгүүхэн айлдсандаа залбирч асуусан гэнэ.

-"Энэ газар тантай уулзан жаргасандаа ихэд баясаж байна. Таныг уул хад хавьцаа морилж явна гэдгийг ч бүүр түүрхэн сонслоо... Ламтан та болгоож айлдана уу, аврал эрж айлтгах үгийг минь сонсон соёрхоно уу. Хийдэд гарсан халуун хижиг өвчин Чойрт хурж суугаа ганц хүүгий минь хөнөөж, оньс хэтэлгэх нь шиг байна. "Сэжигээр өвдөж, сүшигээр сэхдэг” хойно доо. Дээдэст бараалхаж аврал айлтгуулсан чинь урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлэг гэж айлдсан байна. Тэгээд ламтан таныг залах гэж ирлээ” хэмээн бүсгүйг наминчлан залбирахад нь лам баясан таалж:

-Тэрийг тань бүтээж болно. Таны гоолиг сайхан бие цогцос бурханы өршөөлөөр тэнгэрлэг Дарь эх бүтээхэд өчүүхэн миний нүдийг нээх шиг боллоо. Үлэмжийн чанар, сайхан хүмүүнлэг сэтгэл чинь үнэхээр миний уушиг, зүрхийг догдлуулав бололтой. Өчүүхэн мунхаг миний биеийг өршөөн таалж бурхан бүтээ гэж даган баясуулсан ёсоор тэр газар тань бараалхан хүрч, тэнгэрийн тааллаар тэр бурханыг чадан ядан бүтээлцэе дээ гэсэн юмсанжээ.



Бурханчийг Чойрт хүрч ирэхэд хүрээний банди нар толгой дараалан хижгээр өвчилж, хоногт арав хүрч насан баран тэмээн тэргэнд ачуулж "Дөрвөн мааньт” хэмээх оршуулгын газар луу зөөвөрлүүлж байсан цаг таарсан байна.

Бурханч маань орхимжоо бэлхүүслэн зангидаж бүслээд цүүц, алхаа барин хүрээний өмнөх байц хадан боржин цохио өөд авирлаа. Нуруу үл хүрэх газарт нь хуврагууд модон шат тавьж өгсөн байна. Хэд хоногийн турш хад балбах чимээ цуурай сонсдоно. Хад балбаж буй тэр туранхай ламын нүүрэн дээр тоос бууж, хувцас хунар нь тэр аяараа бууралтсан байв.

Юуны учир энэ шалдан банди өдөр шөнийг үл ялган хад чулуу балбан лус савдаг цочооно вэ. Ухааны ур, булчингийн тэнхээ, санаа сэтгэлийнх нь урам л энэ хүнийг өлмүүр, зэлмүүхэн хоногийн бор хоолтой залгуулна. Түүнийг айл бүр будаан дээрээ урьж жас сангийнхан цав манзнаасаа илүүчилнэ.

Ядуу хүний зовлон ихээ. Уул хадаар тэнээд хурал номонд суусангүй гэж багш ламтан хааяа жавтий хүртээнэ. Санваартан хүн байж шалиг завхай явдал үйлдлээ хэмээн садан төрлийнхөн зэмлэнэ. Тэглээ гээд шантарсангүй хад чулуугаа балбасаар л үсэг ном, бурхан тэргүүтнээ сийлсээр л явдаг байжээ.

Байц хадыг балбаж нэг эргээд харахад нь өнөөх Дарьмаа бүсгүй өмнөөс нь сөгдөн залбирч, мөргөн сунасаар ирж байна гэнэ. Бурхан өөдөө буцаад харахад нь буян амласан Дарьмаа бүсгүй бурхан худгийг олж, тэнгэр тэтгэсэн тэр нэгэн өдрийнх шигээ, өнгөлөг сайхан бие цогцос харуулан, суумал бурхан Дарь эх болон хувилаад сууж байжээ.

Ялгаа юу байхав. Дарьмаа ч Дарь эх, Дарь эх гэмээ нь Дарьмаа шүү дээ хэмээн бурханч айлджээ.

Хаднаас яаран бууж, сөхрөн мөргөсөөр ойртон буй Дарьмааг түшин босгох гэтэл бурханчийн бүсэнд хавчуулсан алх суга үсрэн унах зууртаа Дарь эхийн баруун мээмний зөвхөн товчийг сэвтээж орхисон нь одоо хүртэл сорвитой хэвээр байна.

-Хүү минь эдгэрчихлээ. Та яасан их буянтан бэ? Наад бурхан тань миний хүүд ч хүрээний хүүхдүүдэд цөмд нь нас хайрлав бололтой. Үрий минь амь аврагдлаа гэж бүсгүйн өчихөд лам залбирч, урт насалж удаан жаргах болтугай? гэж ерөөсөнд нь бүсгүй баясаад хүүгээ таньд шавь оруулж бурхан бүтээлцүүлье гэж гуйжээ.

Аливаад үнэн сэтгэлээс сүслэн хандаж, итгэл зүтгэл байсан цагт үхлийг ч ялж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх учиртайг бурхан багш ийн айлдсан ажгуу.

budda.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?