Хүн урт наслах болсон нь

512 2016/12/06 0

Эрт урьд цагт хүн их богино насалдаг байж гэнэ. Тэгээд хүн урт насалж, удаан жаргахын төлөө дээд тэнгэрээс насан хутаг гуйхаар нохой, илжиг, сармагчин гурвын хамт Бурханд бараалхаж гэнэ. Бурхан,
- За, та дөрөв ямар учиртай ирэв гэж асуусанд. Тэд,
- Бид урт насалж, удаан жаргахын тулд багш танаас насан хутаг гуйхаар ирлээ гэв. Бурхан,
- Өө, тийм үү? Болно, болно гээд тэр дөрвийг суулгаж, тус бүр гучин нас өгөөд,
- Та нар гучин жил амьдарцгаа, болно биз дээ гэж асуув. ...

Хүн энэ үгийг сонсоод "Би тийм их холоос ирчихээд, гучхан жилийн нас авна гэдэг чинь...” гэж чамлав. Илжиг Бурханы хэлснийг сонсоод "Бид чинь хүнд зарагддаг амьтан шүү. Энэ хар толгойт хүний зарц болж, тэднээр гучин жил унуулж, тээрэм татаж, усыг нь ачиж зүдрэхийн оронд арван таван жил амьд явбал болно” гэж бодоод,
- Би таны хайрласан гучин насыг хүлээж дийлэхгүй юм байна. Энэ насныхаа хагасыг хайрлавал ямар вэ? гэж гуйв. Бурхан багш сонсоод,
- Болно, болно гэж зөвшөөрөв. Хүн үүнийг сонсоод, бурханд,
- Бурхан багш аа, та тэр илжигний үлдээсэн арван таван насыг надад нэмээд хайрлаж болох уу? гэж гуйв. Бурхан багш,
- За, за бололгүй яахав гэж зөвшөөрөв. Хүн илжигний аваагүй арван таван насыг авчихаад "Одоо дөчин таван настай боллоо, бас л бага байна” гэж дотроо бодож суув. Нохой бурханы өгсөн насыг сонсоод "Бид бас хүний зарц шүү. Гучин жил хар толгойт хүний гэрийг сахиж, тогооны угаадас долоож өнгөрөөхийн оронд арван таван жил амьд явсан нь дээр” гэж бодоод, Бурхан багшид,
- Бурхан багш аа, би таны хайрласан гучин жилийн насыг хүлээж чадахгүй. Та тэр насны хагасыг хайрлаж болох уу? гэж гуйв. Бурхан багш,
- Болно, болно гэж зөвшөөрөв. Хүн хажуугаас нь,
- Хүүе, бурхан багш аа, та тэр нохойны үлдээсэн арван таван насыг надад нэмээд хайрлачих, болох уу? гэхэд бас л дуртай зөвшөөрөв. Хүн нийт жаран насыг олоод авчихлаа. Тэгээд дотроо "Жаран нас болох нь болно. Гэхдээ л бага юм шиг байна” гэж бодож суув. Хамгийн сүүлд сармагчин "Надад тийм сайн мэдэх эрдэм ном гэж үгүй. Өдөртөө уул, модонд мацаж, зэрлэг үр жимс олж гэдсээ тэжээнэ. Заримдаа идэх юм ч сайн олдохгүй өлсөж явах удаа цөөнгүй. Ингэж гучин жил зовж явахын оронд арван таван жил амьд явбал болох биш үү?” гэж бодоод,
- Бурхан багш аа, таны хайрласан насны хагасыг нь хүлээж чадвал ямар вэ? гэж гуйв. Бурхан багш,
- За, за бололгүй яахав гэлээ. Хүн бас л баярлаж,
- Бурхан багш аа, та сармагчны үлдээсэн арван таван насыг нэмээд хайрлачих гэж хэлэхэд бас л дуртай зөвшөөрөв. Ингээд хүн бурханаас далан таван нас гуйж аваад баяртай харьж ирсэн гэнэ. 

Хүн хэдийгээр далан таван жил амьд явах насыг олсон ч энэ далан таван жилийг адилгүй өнгөрөөдөг юм байна. Түрүүчийн гучин жилийн нас бол бурхан багшаас хүнд өгсөн жинхэнэ нас болохоор тэр насанд хүн хамгийн чадал тэнхээтэй, гоё ганган, өвчин эмгэгүй, өөрийхөөрөө эрх дураараа өнгөрөөдөг гэнэ. Гучин наснаас дөчин тав хүрэх насыг хүн илжигнээс авсан тул энэ насандаа гэр бүлтэй болж, үр хүүхдээ өсгөж, өдөр шөнөгүй ажиллаж тээрмийн илжиг шиг зүтгэдэг ба дөчин таван наснаас жар хүрэх нас нь нохойноос авсан тул хүн энэ насандаа хүүдээ эхнэр авч өгч, охинооо мордуулж, хойч үеэ хардаг тул нохой шиг гэрээ сахиж суудаг нь тийм учиртай гэнэ. Харин жаран наснаас далан таван насыг хүн сармагчинаас авсан тул энэ насандаа ач, гучаа айл гэр болгож, үлдсэн жаахан хөрөнгөө үр хүүхэддээ өмчилж өгдөг тул гэрт нь дорвитой эд юмгүй, амьдрал нь сармагчинийх мэт шиг хүчир* болдог нь тийм учиртай гэнэ.
эх сурвалж: budda.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?