Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, ажилтнуудыг шагнав

760 2016/12/28 0

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Улсын Дээд шүүхийн шүүгч Батаагийн Батцэрэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дагаагийн Байгалмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхам-Янжингийн Оюун, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны референт Чүлтэмийн Жаргалсайхан, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дотоод аудитын хэлтсийн ахлах шинжээч Хайдавын Бадамжаргал нарыг Төрийн дээд "Алтан гадас” одонгоор шагналаа.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын Дээд шүүхийн шүүгч Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Гоошоохүүгийн Даваадорж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Батнасангийн Мөнхжаргал нарыг шагнасан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар шүүгч, ажилтнуудад шагнал гардуулж баяр хүргэв. Мөн шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн газар, хэлтсийн дарга нар, Улсын Дээд шүүх, анхан болон давж заалдах шатны шүүхийн төлөөлөл оролцсон юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан шүүгч, ажилтнуудад хандаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар шагнуулсан шүүгч нартаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон хувиасаа баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол Улс 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг хийж, туурга тусгаар улс байгуулагдсаны 105, Монгол Улсад Орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүх засаглалыг хэрэгжүүлж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нийт 40 гаруй хүнийг шагнажээ. Шагналын салхийг хагалж Улсын Дээд шүүхийн хоёр шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүгч нар, шүүхийн захиргааны байгууллагад он удаан жил ажилласан хүмүүсийнхээ шагналыг өнөөдөр гардуулж байна. Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх, шударга ёс, хуулийн засаглалыг тогтоох, хүний эрх эрх чөлөөг хамгаалах ариун үйлстээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол Улсын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье” хэмээн баяр хүргэж, амжилт хүслээ.
 
Алтангадас одонгоор шагнуулсан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн "Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойн баярын мэнд хүргэе. Ийм торгон агшинд Төрийн дээд одон медалиар шагнуулж байгаадаа туйлын баяртай байна. Би 1996 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, туслах шүүгч, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шүүгч, Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн зэрэг ажлыг эрхлэхдээ гар сэтгэл нийлсэн сайхан хамт олонтой байсандаа бахархдаг. Зөвхөн намайг биш надтай хамт ажиллаж байсан хамт олны минь хичээл зүтгэлийг давхар үнэлсэн шагнал гэж ойлгож, хүлээн авч байна. Монгол Улсад шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалах, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд их хувь нэмэр оруулах итгэл, хариуцлага хүлээлгэж байгаа шагнал гэж ойлгож байна. Ирж буй ондоо ажилдаа амжилт гаргаж, аз жаргалтай эрүүл энх байхыг хүсэн ерөөе” гэсэн юм.
 
Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагнал гардуулсны дараа дурсгалын зураг авахууллаа.
 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?