“Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа

28165 2017/01/01 0

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний өв, соёл, уламжлалаа сэргээх талаар анхааран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор 2015 оноос өвлийн улиралд туулийг бүрэн эхээр нь хайлах зан үйлийг үйлдэж эхэлсэн юм.

Өнөөдөр буюу аргын тооллын 12 дугаар сарын 30, билгийн тооллын өвлийн илүү дунд сарын  шинийн 1-ний Улаан нохой өдөр Богд хааны ордон музейн "Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч Авирмэдийн Балдандорж Их хөлгөн тууль болох "Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайллаа.

Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлан туулийн эхэнд "Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулав.

Туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу  тайлбарлан хүргэв.

Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол зоны ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийдэг байсан бөгөөд "Буурал халзан морьтой Бүжин Даваа хаан” тууль нь аян замын засал, олз омог, хишиг буяныг хүсдэг.

Богд хааны ордон музейн "Хаан туульсийн өргөө” нь найман ханатай их цагаан өргөө юм. Уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримтлан театрчилсан бус харин язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулж туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр монгол гэрт хайлдагаараа илүү онцлогтой.

Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө "Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг.

Туулийг товшуур, хуур, икэл, хуучир зэрэг хөгжмийн зэмсэгийн аль нэгээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй. Хэдэн мянган жилийн турш эцэг өвгөдөөс аман байдлаар дамжиж ирсэн дэлхийд хосгүй энэ гайхамшигт соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлах, судлах, нууцыг нь тайлах нь өнөө цагийн нийгмийн амьдралд олон талын ашиг тустай зүйл болох билээ.

Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй уламжлалтай аж. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.

Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж иржээ.

XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгараад байгаа юм.

Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.

Иймд Монгол туулийгуламжлан өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд "Хаан туульсийн өргөө”-г байгуулсан ба жил бүр тогтмол үйл ажиллагааг явуулж эхлээд байна.

 Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?