Таканохана аваргын эгэл бус түүх

1156 2017/01/04 0

 

Мэргэжлийн сумогийн 65 дахь ёкозүна Таканохана Кожиг сумо сонирхогч монголчууд маань андахгүй. Япончуудын жинхэнэ шүтээн болсон ёкозүна Таканохана Японы Эзэн хааны цомыг 22 удаа хүртсэн бөгөөд сумогийн сонгодог арга барилаар барилддагаараа бөх сонирхогчдод ихэд хүндлэгдсээр ирсэн алдарт бөх юм. Түүний намтраас зарим сонирхолтой хэсгийг цухас дурьдая.

 

 


Таканохана сумоч болохгүй байхын аргагүй айлд төрж өссөн юм. Тэднийх удмаараа үе дамжсан сумогийн алдарт бөхчүүд. Өвөө нь цагтаа ёкозүна цолтой сумоч явсан бол төрсөн эцэг нь ч озэки цолд хүрсэн шалмаг барилдаантай бөх байлаа. Мөн төрсөн ах Ваканохана ёкозүна цол хүртсэн билээ.

Таканохана сумод эхлээд Такаханада нэртэйгээр барилдаж байлаа. Сонирхолтой нь түүнийг анх сумод хөл тавьсан өдөр төрсөн ах Вакаханадагаас нь гадна хожмоо мөнхийн өрсөлдөгч болж, ёкозүна цолд хүрсэн Хавайн арлын Акэбоно мөн озэки Кайо сумод орж байсан гэдэг.


Таканохана 20 хүрээгүй байхдаа буюу 19 настайдаа маэгаширагийн 2 дээрээс босч барилдахдаа 14 даваа 1 унаатайгаар түрүүлжээ. Гэтэл Японд 21 хүртэлх насныханд согтууруулах ундааны төрлийн зүйл хориглодог тул аваргын цомд нь уламжлал ёсоор сакэ биш цай хийж өгөхөөс аргагүйд хүрсэн байдаг.
Таканохана нийтдээ 22 удаа түрүүлсэн юм. Жил гаруйн хугацаанд хөлний хүнд бэртлийн улмаас барилдах боломжгүй байсан Таканохана 2003 оны нэгдүгээр сарын башёд барилдаад зодог тайлсан.
Таканоханаг ид гарч ирж байх үед тухай үеийн Японы алдарт жүжигчин Рэя Миязаватай сүй тавьж, бөөн дуулиан тарьж байжээ. Японы хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн дуулиантай жүжигчин гэгдсэн Рэя Миязаватай сүй тавьснаар Японы хамгийн зартай хос болоод амжсан ч удалгүй энэ сүйг цуцалсан байна. Цуцалсан тал нь Таканоханагийн гэр бүлийнхэн буюу эцэг нь байж.


1992 онд сүй тавьж байх үедээ Таканохана комүсүби, сэкиваке цолтой, сумогийн ирээдүйн ёкозүна гэж их найдвар хүлээсэн залуу байж. Тиймээс ч Рэя Миязаваг жүжигчний замналаасаа татгалзаж, сумогийн дэвжээ, уламжлалыг зүй ёсных нь дагуу хүндэлж, гэргийн үүргээ л биелүүлэхийг шаардахад татгалзсан гэж хэвлэлээр бичиж, улмаар тэдний сүй цуцлагдсаныг зарлаж байжээ.
Ийнхүү нэрд гарч буй залуу царайлаг сумоч үзэсгэлэнт жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэсэн дурлал тэмүүлэл бүтэлгүйтжээ. Таканохана сүй тавьж, дараа нь түүнийгээ цуцалсан нь сумо бөхийн нэр төрийг унагаасан явдал хэмээн Сумогийн холбооноос буруутгаж байсан гэдэг.


Хожмоо Таканохана өөрөөсөө 8 эгч, телевизийн хөтлөгч эмэгтэй Кейко Конотой гэрлэж, нэг хүү, хоёр охинтой болжээ.
Таканоханагийн олныг гайхшруулдаг олон зүйлийн нэг нь зодог тайлснаасаа хойш ердөө хоёр жилийн хугацаанд 160 кг жингээ 90 кг хүртэл буулгаж, турж чадсан явдал. 2009 онд Таканохана өөрийн турах тусгай дэглэмийнхээ тухай номыг олны хүртээл болгож байлаа. Одоо Таканоханагийн жин 80 кг орчим байдаг аж.


Таканохана 22 түрүүлж, сумогийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан тул түүнд өөрийнхөө нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрсөн. Ингээд Таканохана нэрээрээ дэвжээ нээн ажиллуулснаас түүний анх дээд зиндаанд дэвшин гаргаж чадсан шавь нь манай Таканоива Адьяагийн Баасандорж билээ.

Таканоханаг юм бүхэнд өөрийн гэсэн үзэл бодлоор ханддаг, маш амбицтай хүн гэдэг юм билээ. Хэдийгээр одоо сумоч гэж хэлэхийн аргагүй болтлоо турсан ч гэсэн Таканохана сумогийн ертөнцөд өөрийн байр сууриа уламж батжуулсаар, Сумогийн холбооны ерөнхийлөгч болохоор барьцаа улам ахиулсаар байгаа гэдэг.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?