Хар нүх гэж юу вэ

2212 2017/01/05 0

 

"Хар нүх” гэдэг нэрийг анх 1967 онд Жон Архибальд Веелер бий болгожээ. Нүдэнд гэрэл мэт харагдах электрон соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд хав хар үзэгдэх байдлыг сансрын хар нүх гэнэ. Хар нүх гэдэг нь орон цагийн солбицлын асар их нягтралаас агшсан сансрын уудмын нэг биетийг хэлэх бөгөөд энэ нь гаднаас нь харахад эцэс төгсгөлгүй цаг хугацаанд өөрийн дотоод орчноосоо гарч эс чадах тийм зүйл юм. Энэ үйл явцын хязгаар хүрээг үйл явдлын хаяа гэнэ. 
 Хар нүх нь өөрийн асар өндөр таталцлын хүчний улмаас орон, цагийн геометрийн бүтцийг асар том хэмжээний өөрчлөлтөд оруулдаг байна. Тайван оршиж байгаа сансрын хар нүхний орчимд орон цаг онцгой ихээр нягтарч агшсан байдаг. Тайван оршиж байгаа сансрын хар нүхнүүд нь зөвхөн цэг төдий дүрсүүд харагддаг бол эргэлдэж байгаа хар нүх нь дугуй буюу цагираг хэлбэрийн дүрснүүд болж үзэгддэг гэнэ. Хар нүхний орчин ч бас адил эргэлдэж байх бөгөөд зууван дугуй хэлбэртэй харагдана. Энэ нүхний дотроос энергийн ямар ч хэлбэр гарч чадахгүйн нэгэн адил энерги ч орох боломжгүй. Тэр ч байтугай нэг протон гаднаас дотор нь ороход хязгааргүй их цаг хугацаа шаардах болно.

 

Мөн хар нүхийг орхин гарна гэдэг ч бас бүтэшгүй удаан үргэлжлэх билээ. Хар нүхний үйл явдлын хаяанд орон зай, цаг хугацаа хоёр өөр өөрийн үүргээ сольдогт хамаг учир нь байгаа юм. Хар нүхнүүдийг дотор нь хэд ангилна. Оддын хар нүх бол маш том нарны төгсгөлийн хэлбэр юм. Манай нарны массыг найм дахин авснаас илүү жинтэй од тэсэрч бөхөхөд үүссэн үлдэгдэл нь хар нүх болон эргэлддэг байна. Энэ байдлаар үүссэн нүх нь тэсрэлтийнхээ явцад хэдий хэмжээний массыг гадагш алдсанаасаа хамааран манай нарны массыг 8-15 дахин авсантай адил хэмжээний жинтэй байдаг гэнэ. Манай нарныхаас хэдэн сая, бүр хэдэн тэр бум дахин их масстай хар нүхнүүд их оддын аймгийн голд байх бөгөөд түүнийг хэрхэн бий болсон хийгээд оддын аймгийн үүсэлтэй хэрхэн холбоотой болохыг судалж тогтоох ажил эзнээ хүлээж байна.

Томоос том хар нүхнүүдийг илрүүлсээр байна


 

Дөнгөж хоёрхон долоо хоногийн өмнө одон орончид хамгийн том хар нүхийг олж илрүүлжээ. Мөн НАСА (Америкийн үндэсний сансар судлалын төв) одоо түүнээс хавьгүй том хар нүхний сураг гаргажээ. Үүнээс үзэхэд оддын хар нүхнүүд бидний төсөөлж байснаас үлэмж том байж болох юм. Саяхан хүртэл хамгийн том нь байсан хар нүхийг Америкийн одон орон судлаачид дэлхийгээс 1,8 сая гэрлийн жилийн тэртээ алслагдсан „Кассиопейа” хэмээх бүлэг одны оронд нээсэн байна. 2007 оны аравдугаар сарын 31-ний лхагва гаригт НАСА-гийнхны мэдээлснээр энэ нүх нь манай нарнаас 24-33 дахин том нэгэн нар сөнөснөөр бий болжээ. Энэ хар нүх дөнгөж хоёрхон долоо хоногийн өмнө одон ертөнцийн М33 бүлгийн оддын ертөнцөд нээж олсон хар нүхнээс бүр ч том хэмжээтэй байна. Өөрөөр хэлбэл манай нарныхаас 16 дахин их масстай ажээ. Оддын хар нүхнүүд нь сөнөж байгаа нарнуудаас бий болдог байна. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй байна.

Сансрын хар нүх гэж юу вэ?

Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийдсэн болно. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч түүнийг үзэгдлийн хаяаныхаа гадна талаарх бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаа байдлаар нь ажиглан илрүүлж болно. Жишээлбэл, хар нүхэнд татагдан орж байгаа хий, тоосонцрыг ажиглах боломжтой. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч (турбулент хөдөлгөөн), өндөр температур хүртэл халан, их хэмжээний цацраг ялгаруулна. Ийм ажиглалтын үр дүнд манай ертөнцөд хар нүх бодитой оршин байна гэдгийг шинжлэх ухааны үндэстэй нотолсон билээ.

Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон орон сонирхогч Жон Мишел хийж байжээ. 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооныхоо үр дүнд тулгуурлан мөн адил дүгнэлт хийж байв. Хар нүхийн тухай орчин цагийн ойлголт харьцангуйн ерөнхий онолд суурилдаг. Физикийн энэхүү тулгуур онолын дагуу их хэмжээний масс маш бага орон зайд төвлөрсөн нөхцөлд орон зайн гажилт үүсдэг тул матери ба гэрэл, цацаргалт орон зайн тэр хэсгээс зугтаж гарах боломжгүй болдог. Харьцангуйн ерөнхий онолын хүрээнд хар нүхийг төвдөө цэгэн сингуляр чанартай, захдаа үйл явдлын хязгаартай орон зай маягаар дүрсэлдэг бол квант механикийн үйлчлэлийг тооцож үзвэл энэ дүрслэлд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.


 

Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл "сорогдож" буй хосгүй мөчийн зургийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ түүхэнд анх удаа сансрын тойрог замд байрлуулсан "Чандра" гэдэг рентген дуран авайгаар авчээ. Энэ нь хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч материд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуудлыг хариуг олоход тус болно гэж НАСА мэдээллээ. НАСА-гийн тооцоолсноор, дээр дурдсан хар нүх нь Дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших NGC 3115 галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай юм. Хийн үүл хар нүхний соронзон орны "залгих" бүсэд орохдоо хэлбэрээ алдаж байв. Хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буйг "Чандра" дуран авайгаар авсан зурагт тод харагдана.

Хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. Манай гарагт хамгийн ойр орших энэ хар нүхний масс нь Нарныхаас хоёр тэрбум орчим дахин их гэдгийг НАСА тооцоолжээ.

"Энэ нь хэт масстай хар нүхний "хүчин чадлыг" хий хэрхэн мэдэрсний тод нотолгоо" гэж Алабама муж улсын их сургуулийн судалгааны удирдагч Ка-Вах Тонг онцлон тэмдэглэжээ. "Чандра" дурангийн хүчин чадал нь хар нүхэнд материйг татах үйл явцын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх хосгүй боломж олгосон гэж тэрбээр үзэж байна.
Одон орны эдгээр ер бусын объектууд нь асар их масстай учраас тэдгээрийн соронзон талбайн "үхлийн" татах хүчнээс ямар ч төрлийн туяа, тухайлбал, гэрэл сугаран гарч чадахгүй юм. Объектууд ямар ч туяа гаргахгүй учраас тэдгээрийг харах боломжгүй юм. Гэхдээ одон орны физикчид хар одны таталцлын талбайд орсон зүйлс улам бүр түргэн унаж эхлэхдээ хэт халж, рентген туяа ялгаруулах үед нь тэдгээрийг илрүүлдэг байна.

 

Хар нүхнүүд хөдөлгөөнтэй байдаг

Хүмүүс хар нүхийг нэг газраа хөдөлгөөнгүй зүгээр л байж байдаг гэж боддог нь буруу ажээ. Үнэндээ тэд нь ихээхэн идэвхтэй бөгөөд эргэлдэх хөдөлгөөнөөс гадна сансар огторгуйн хүрээнд аялж байдаг гэдгийг Бригэм Яанг их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа нотолжээ. Энэхүү хөдөлгөөн нь куазарс (quasars – quasi stellar radiation source) буюу цацраг идэвхт бодис ялгаруулж байдаг од маягийн сансрын биетүүдийн энергийн эх үүсвэр болох талтай гэж үздэг байна. Куазарс нь сансар огторгуйн байнгын тод гэрэлт биетүүдийн тоонд орох бөгөөд идэвхтэй залуу галактикуудын төв хэсэгт байрлаж, Сүүн замынхаас хэд дахин илүү их эрчим хүчийг ялгаруулж байдаг. Энэхүү судалгаа нь куазарсыг хар цоорхойтой холбоотой гэсэн санааг анх удаа дэвшүүлсэн судалгааны ажил юм.


 

Судалгааны ажлын удирдагч, профессор Дэвид Нелсоны хэлснээр "Хар нүх нь генератор шиг соронзон талбай дотор ээрэх эргэлдсээр цахилгаан соронзон үүсгэж тэр нь цацраг болон гадагшилдаг” байна. 
Хэрэв энэ шинэ онол зөв бол томоохон тод куазарс нь хар нүхнээс үүдэлтэй бөгөөд хоёул сансар огторгуйд асар өндөр хурдаар эргэлдэн нисэж байдаг байх нь. Гэхдээ эрдэмтдийн үзэж буйгаар энэ хоёр хөдөлгөөн нь хоорондоо өрсөлдөхгүй, харин эсрэг чиглэсэн хөдөлгөөн хийж үр дүнд нь энергийг хуримтлуулдаг ажээ

 

Эх сурвалж ufo.mn


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?